15 дугаар зүйл. Соёлын ажилтны эрх, үүрэг
15.1.Соёлын ажилтан дараах эрх эдэлнэ:
15.1.1.хууль тогтоомжийн хүрээнд соёлын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, бололцоогоор хангуулах;
15.1.2.төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд эрхэлж байгаа соёлын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шаардлага тавих;
15.1.3.соёл, урлагийн наадам, уралдаан, тэмцээнд оролцох;
15.1.4.мэргэжлийн төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх;
15.1.5.уран бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, тохирсон шагнал, урамшуулал хүртэх, хөнгөлөлт эдлэх;
15.1.6.мэдлэг боловсрол, ур чадвараа бие даан болон байгууллагын дэмжлэгтэйгээр дээшлүүлэх, давтан сургалтад хамрагдах;
15.1.7.уран бүтээл туурвихдаа архив, номын сангийн үйлчилгээг чөлөөтэй авах;
15.1.8.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлөөр хангуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх;
15.1.9.оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалах, эрх бүхий байгууллагын дэмжлэг, туслалцаа авах.
15.2.Соёлын ажилтан дараах үүрэг хүлээнэ:
15.2.1.мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
15.2.2.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах;
15.2.3.оролцож байгаа соёлын арга хэмжээний журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
15.2.4.эрхэлж байгаа чиглэлийн хүрээнд соёлын үйлчилгээ хүргэх, иргэнийг соён гэгээрүүлэх, соёлын боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
15.2.5.эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
15.2.6.соёлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хүргэх;
15.2.7.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.