18 дугаар зүйл. Соёлын байгууллагын эрх, үүрэг, удирдлага

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Соёлын байгууллагын эрх, үүрэг, удирдлага

18.1.Соёлын байгууллага дараах нийтлэг эрх, үүрэгтэй:

18.1.1.хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааны чиглэл, төрлийг чөлөөтэй сонгох, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;

18.1.2.дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах, бусад байгууллагатай мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах;

18.1.3.соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний стандарт хангасан түвшинд явуулах;

18.1.4.төсөв, төсөл болон хандивын хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

18.1.5.соёлын ажилтны ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах;

18.1.6.зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, соёлын ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;

18.1.7.соёлын үйл ажиллагааны стандартыг мөрдөн ажиллах;

18.1.8.үйл ажиллагааны чиглэл, статистик мэдээллийг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх.

18.2.Аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

18.3.Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.

18.4.Энэ хуулийн 18.3-т зааснаас бусад соёлын байгууллагын удирдлагыг үүсгэн байгуулагч нь томилж, чөлөөлнө.

18.5.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь мэргэжлийн холбоод, иргэний төлөөллийг оролцуулсан олон нийтийн зөвлөлтэй байж болно. Олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.