32 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагааны санхүүжилт

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагааны санхүүжилт

32.1.Соёлын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо нь иргэнд тэгш, хүртээмжтэй, чанартай соёлын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.

32.2.Соёлын үйл ажиллагааны төсөв нь улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын тусгай сан, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын хандив, соёлын байгууллагын төлбөртэй үйлчилгээ, дотоод, гадаадад зохион байгуулсан соёл, урлагийн арга хэмжээнээс олсон орлого, өөрийн үйл ажиллагааны орлого, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

32.3.Соёлын үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан хөтөлбөр болгож батална.

32.4.Төрийн өмчит соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэний хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөх, соёлын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

32.5.Төрийн өмчийн соёлын байгууллагаас бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагад тодорхой төслийг үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

32.6.Соёлын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор иргэн, хуулийн этгээдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх журмыг холбогдох хуулиар тогтооно.

32.7.Хөгжим, дүрслэх урлаг, утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна. Шилдэг уран бүтээлч болон шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах, хадгалах, ашиглах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.8.Үндэсний болон сонгодог урлагийн бүтээл, хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

32.9.Соёлын ажилтныг олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцоход төрөөс дэмжлэг үзүүлж, онцгой амжилт гаргасан соёлын ажилтанд мөнгөн шагнал олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

32.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага соёлын үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг ивээн тэтгэж болно.

32.11.Нийтийн ашиг тусын тулд чиглэсэн соёлын үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах дотоодод үйлдвэрлэдэггүй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал, урвалж бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд татвараас хөнгөлж, чөлөөлнө.

32.12.Соёлын арга хэмжээний шагналын орлогыг татвараас чөлөөлнө.

32.13.Энэ хуулийн 32.11, 32.12-т заасан татвараас хөнгөлж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.