33 дугаар зүйл. Соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаа

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаа

33.1.Соёлын салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө, арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Соёлын ажилтан соёлын үйл ажиллагаа эрхлэн, үүсгэн байгуулагчаас тогтоосон цалин, нэмэгдэл хөлс авна.

33.3.Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

33.4.Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хөрөнгийг үүсгэн байгуулагч өөрийн байгууллагын төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.

33.5.Соёлын ажилтан хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авч, хуульд заасан бусад хөнгөлөлт эдэлнэ.

33.6.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтны нэмэгдэл хөлс, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

33.7.Энэ хуулийн 33.6-д зааснаас бусад соёлын байгууллагын ажилтны нийгмийн баталгааг үүсгэн байгуулагч хариуцна.

33.8.Соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг нь үндэслэн дотоодын их, дээд сургууль, урт, дунд, богино хугацааны тусгай мэргэжил эзэмших сургалтын зардлыг төр хариуцна.

33.9.Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.