35 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээ

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээ

35.1.Иргэний хуулийн 3381 дүгээр зүйлийн дагуу мерчандайзийн гэрээгээр өмчлөгч, түүний зөвшөөрснөөр эзэмшигч соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь үйл ажиллагаа явуулж, эзэмшигчид борлуулалтын орлогоос соёлын үнэт зүйл ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

35.2.Мерчандайз нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхээр хамгаалагдана.

35.3.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг олгоно:

35.3.1.төрийн өмчийн соёлын байгууллагын эзэмшиж байгаа соёлын үнэт зүйл, урлагийн бүтээл, соёлын биет өв;

35.3.2.төрийн өмчийн музейд хадгалагдаж байгаа үзмэр;

35.3.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгал.

35.4.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад орон нутгийн өмчийн соёлын үнэт зүйл, урлагийн бүтээлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг тухайн шатны Засаг дарга олгоно.

35.5.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад төрийн өмчийн байгууллагын эзэмшиж байгаа соёлын үнэт зүйл, урлагийн бүтээлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

35.6.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг Иргэний хуулийн дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж, дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.6.1.мерчандайзийн зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй тодорхойлолт;

35.6.2.мерчандайзийн гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ;

35.6.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах цэгийн мэдээлэл;

35.6.4.мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай санхүүжилтийн хэлбэр, нөхцөл;

35.6.5.мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах болон чанарын баталгаа;

35.6.6.загвар ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөл;

35.6.7.мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээ хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол, гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;

35.6.8.талууд харилцан тохиролцсон бусад зүйл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.