39 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагаанд тавих хяналт, хязгаарлалт

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагаанд тавих хяналт, хязгаарлалт

39.1.Соёлын үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын хяналтын улсын байцаагч хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.2.Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллана. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

39.3.Хууль тогтоомжоор хориглоогүй соёлын үйл ажиллагаа эрхлэхэд төрийн болон бусад байгууллага, улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

39.4.Угсаатны соёлын үнэт зүйлийн өвөрмөц илэрхийллийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.

39.5.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй болон дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

39.6.Уран бүтээлчийн анхдагч санаа, ур чадварын нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

39.7.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

39.8.Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

39.9.Театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.

39.10.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл аваагүй, холбогдох даатгалд даатгуулаагүй тохиолдолд соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.

39.11.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, соёлын байгууллага байгуулах, соёлын үнэт зүйлийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргахад соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн холбоодын саналыг авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.