38 дугаар зүйл. Зөвшөөрөл

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Зөвшөөрөл

38.1.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.10-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

38.2.Соёлын үнэт зүйлийн зуучлалыг Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу эрхэлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

38.3.Соёлын ажилтныг олон улсын түвшинд соёлын үйл ажиллагаанд оролцуулах, санал болгох, түүний ашиг сонирхлыг төлөөлөн хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, менежментийн үүрэг гүйцэтгэх соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд эрхэлнэ.

38.4.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

38.5.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь зөвшөөрлийн холбогдох хуульд заасан баримт бичгээс гадна зөвшөөрөл хүсэгч иргэний, хуулийн этгээд бол удирдах, шийдвэр гаргах, соёлын ажилтантай шууд харилцан ажиллах иргэний хууль, эрх зүй, эдийн засаг, менежментийн талаарх мэдлэгийг нотлох баримт бичиг, эдийн засаг, хүний эрүүл мэнд, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх тодорхойлолтыг өргөдөлд хавсаргана.

38.6.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь ажилтан тус бүртэй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

38.7.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, менежер өөрчлөгдөхөд зөвшөөрөл олгогч байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

38.8.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь уран бүтээлчийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөлд ажиллуулахаар явуулахгүй байх бөгөөд зуучлан ажиллуулах газрыг урьдчилан судалсан байна.

38.9.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь хүүхдийг согтууруулах ундаа борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх орчинд ажиллуулахаар явуулахыг хориглоно.

38.10.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221.1.6-д заасны дагуу хураамж төлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.