37 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага

СОЁЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага

37.1.Соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн эрхэлнэ.

37.2.Соёлын байгууллагын үйлчилгээний болон барилга байгууламж, орчны стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж, мөрдүүлнэ.

37.3.Соёлын үйлчилгээ эрхлэх барилга байгууламж, танхим, талбай нь стандарт, эрүүл ахуйн болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.

37.4.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно. Хувьчлах болон тухайн барилга байгууламж, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд зориулалтыг хэвээр хадгална.

37.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий хувийн өмчийн барилга байгууламжийг ашиглан иргэнд соёлын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.7.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг хуулиар хориглосноос бусад нөхцөлд хүн бүрд нээлттэй байлгаж, соёлын үнэт зүйлтэй танилцах боломжоор хангана.

37.8.Соёлын байгууллага үйл ажиллагаа, үйлчилгээний жагсаалт, нөхцөлийг нэгдсэн журмаар тогтоож, иргэний мэдээлэл авах боломжийг бүрэн хангасан байна.

37.9.Соёлын байгууллагын үйлчилгээг зөөврийн болон нүүдлийн хэлбэрээр хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил соёлын үйлчилгээ авахад зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.