15 дугаар зүйл. Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавих шаардлага

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавих шаардлага

15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан зардлыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд уг зардлыг өмнөх оны төсөвт тусгагдсанаас бууруулахгүй байна.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан зардлыг зориулалтын бусаар зарцуулахыг хориглох бөгөөд тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн үлдэгдлийг дараагийн төсвийн жилд үргэлжлүүлэн зарцуулна.

15.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг шаардлага хангасан дараах зардалд зарцуулсан нь буцаан олголт тооцох урьдчилсан нөхцөл болно:

15.4.1.Монгол Улсад татвар төлөгч иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зардал;

15.4.2.Монгол Улсад байхгүй нь нотлогдсон мэргэжлийн техник, тоног төхөөрөмжийг гадаад улсаас түрээслэн ашигласны зардал;

15.4.3.Монгол Улсад төлсөн татвар.

15.5.Уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлс нь энэ хуулийн 15.4-т заасан нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.