19 дугаар зүйл. Нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг дэмжих

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг дэмжих

19.1.Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллаж нийслэл хотыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан зөвлөл нь орон тооны бус байх ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч батална.

19.3.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 18.2-т заасны дагуу хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийг дараах баталгаагаар хангана:

19.3.1.энэ хуулийн 18.2-т заасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журам, үндэслэлийг баримтлах;

19.3.2.хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр хангах;

19.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрээ өөрчлөхгүй байх;

19.3.4.хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох;

19.3.5.хуульд заасан бусад.

19.4.Нийслэл хотын удирдлага хуульд өөрөөр заагаагүй бол нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй байлгах үүднээс энэ хуулийн 18.1-д заасан хөрөнгө оруулалт авсан хуулийн этгээдийг дараах баталгаагаар хангана:

19.4.1.ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх;

19.4.2.нийтийн ашиг сонирхлын үүднээс хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр, зорилгоос хамаарч холбогдох журамд заасан зардлын санхүүжилтийг олгох;

19.4.3.хуульд заасан бусад.

19.5.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийг хэрэглэнэ.

19.6.Нийслэл хот дахь хөрөнгө оруулагчийг энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах эсэхийг сонгохдоо нийслэл хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг шалгуур болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.