21 дугаар зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

21.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийн хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тайланг сонсох;

21.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тайланг дүгнэх;

21.1.3.нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн дүрэм, журам, стандарт, заавар батлах;

21.1.4.нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журмыг тогтоох;

21.1.5.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах зардал зэргийг харгалзан албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

21.1.6.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.