30 дугаар зүйл. Нийслэл хотын удирдлагаас дүүргийн удирдлагатай харилцах

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Нийслэл хотын удирдлагаас дүүргийн удирдлагатай харилцах

30.1.Нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд дүүргийн удирдлага туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

30.2.Дүүрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нийслэл хотоос хүний нөөц, техник, эдийн засгийн туслалцаа үзүүлнэ.

30.3.Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлэх, эсхүл дүүргээс шилжүүлэн авч болно.

30.4.Нийслэл хотын удирдлага дүүргийн оршин суугчдын нийтлэг эрх ашигт хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа тухайн дүүргийн удирдлагын саналыг авсан байна. Дүүргийн удирдлага 14 хоногийн дотор санал өгөх бөгөөд тус хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "авсан байна." гэсний дараа "Дүүргийн удирдлага 14 хоногийн дотор санал өгөх бөгөөд тус хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ." гэж нэмэлт оруулсан./

30.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь дүүргийн Засаг даргын санал, хүн амын тоо, үйлчилгээний хүртээмжийг харгалзан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.