32 дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг

32.1.Нийслэл хотын оршин суугч Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхээс гадна дараах эрхтэй:

32.1.1.нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах;

32.1.2.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;

32.1.3.нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;

32.1.4.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

32.1.5.хуульд заасан бусад.

32.2.Нийслэл хотын оршин суугч дараах үүрэгтэй:

32.2.1.нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

32.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

32.2.3.нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

32.2.4.нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах;

32.2.5.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн дагуу орон байр, орчноо тохижуулах;

32.2.6.хуульд заасан бусад.

32.3.Нийслэл хотод зорчигч этгээд энэ хууль, бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.