8 дугаар зүйл. Нийслэл хотын чиг үүрэг
8.1.Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д зааснаас гадна нийслэл хот болохын хувьд энэ хуульд заасан тусгай болон бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8.2.Нийслэл хот нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.2.1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;
8.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;
8.2.3.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
8.2.4.нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
8.2.5.нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;
8.2.6.нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
8.2.7.энэ хуульд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт.
8.3.Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.3.1.нийслэлийг хөгжүүлэх сангийн менежмент;
8.3.2.нийслэлийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт;
8.3.3.орчны аюулгүй байдал;
8.3.4.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;
8.3.5.хот, суурин газрын дахин төлөвлөлт;
8.3.6.нийслэлийн авто замын арчлалт, засвар, төлөвлөлт, хяналт;
8.3.7.хүн амын ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж;
8.3.8.нийслэлийн цахилгаан эрчим хүч, дулааны төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.3.9.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;
8.3.10.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;
8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
8.3.12.гадаадын зээл, тусламжаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний нийслэлийн хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;
8.3.13.нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт;
8.3.14.нийслэлийн нутаг дэвсгэр дэх дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;
8.3.15.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;
8.3.16.ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.3.17.нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн хэрэгжилт, хамгаалалт; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.3.18.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.4.Засгийн газар энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлд шилжүүлж болно.