28 дугаар зүйл. Тоглогч уран бүтээлчийн эрх

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Тоглогч уран бүтээлчийн эрх

28.1.Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ:

28.1.1.тоглолтондоо нэрээ дурдуулах;

28.1.2.тайзны нэр ашиглах;

28.1.3.тоглолтыг тоглогч уран бүтээлчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.

28.2.Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:

28.2.1.тоглолтын бичлэг хийх;

28.2.2.тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах;

Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан "дамжуулах" гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй.

28.2.3.тоглолтын бичлэгийг шууд буюу шууд бусаар аливаа арга, хэлбэрээр хуулбарлах;

28.2.4.тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх;

28.2.5.тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түрээслүүлэх;

28.2.6.тоглолтын бичлэгийг хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгох.

28.3.Энэ хуулийн 28.2.4-т заасан нийтэд түгээх эрх нь тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр нэгэнт худалдаалагдсан, эсхүл өмчлөх эрхийг нь шилжүүлсэн тоглолтын бичлэгийн хуулбарт хамаарахгүй.

28.4.Энэ хуулийн 28.2-т заасан онцгой эрхийг тоглогч уран бүтээлч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

28.5.Албан үүргийн дагуу гүйцэтгэсэн тоглолтыг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ.

28.6.Тоглогч уран бүтээлч өөрийн тоглолтыг дуу авиа бүхий дүрст бүтээлийн бичлэгт буулгахыг зөвшөөрсөн болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг бичлэгийг хуулбарлах, түгээх, түрээслүүлэх буюу хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгохыг зөвшөөрөх онцгой эрхийг дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер эзэмших бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлснээс олсон орлогоос тоглогч уран бүтээлчид зохих төлбөр төлнө.

28.7.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аливаа этгээд тоглогч уран бүтээлчийн тоглолтын бичлэгийг нийтэд тоглуулахад тоглогч уран бүтээлчид зохих төлбөр төлнө.

28.8.Тоглогч уран бүтээлч нь энэ хуулийн 28.2-т заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.