29 дугаар зүйл. Фонограмм бүтээгчийн эрх
29.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:
29.1.1.фонограммыг хуулбарлах;
29.1.2.фонограммыг нийтэд түгээх;
29.1.3.фонограммын хуулбарыг түрээслүүлэх;
29.1.4.фонограммыг нийтэд дамжуулах.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан онцгой эрхийг фонограмм бүтээгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.
29.3.Фонограммыг арилжааны зорилгоор нийтэлсэн, эсхүл уг фонограммын хуулбарыг өргөн нэвтрүүлэгт ашигласан, бусад аргаар нийтэд дамжуулсан, эсхүл нийтэд тоглосон бол тоглогч уран бүтээлч ба фонограмм бүтээгчид зориулж хэрэглэгч нэг удаагийн зохих төлбөрийг фонограмм бүтээгчид төлнө.
29.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол фонограмм бүтээгч энэ хуулийн 29.3-т заасан төлбөрийн 50 хувийг тоглогч уран бүтээлчид төлнө.
29.5.Энэ хуулийн 29.3-т заасан төлбөрийг авах эрх нь фонограммыг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
29.6.Энэ хуулийн 29.3-т заасан зорилгоор фонограммыг хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгосныг арилжааны зорилгоор нийтэлсэнд тооцно.
29.7.Энэ хуулийн 29.3-т заасан нь фонограмм бүтээгчийн энэ хуулийн 29.1-д заасан онцгой эрхийн хүрээнд фонограмм ашиглаж байгаа тохиолдолд хамаарахгүй.
29.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аливаа этгээд фонограммыг тодорхой давтамжтайгаар нийтэд тоглуулахад фонограмм бүтээгчид зохих төлбөр төлнө.
29.9.Фонограмм бүтээгч нь энэ хуулийн 29.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй.