37 дугаар зүйл. Лицензийн гэрээ
37.1.Энэ хуулийн 35.1.2-т заасны дагуу бүтээл ашиглах онцгой эрхийг дараах төрлийн лицензийн гэрээгээр ашиглуулж болно:
37.1.1.зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахыг хязгаарлаагүй нөхцөлөөр байгуулах энгийн лицензийн гэрээ;
37.1.2.зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахгүй байх нөхцөлөөр байгуулах онцгой лицензийн гэрээ.
37.2.Энэ хуулийн 37.1-д заасан гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
37.2.1.бүтээлийн нэр, тодорхойлолт;
37.2.2.лицензийн гэрээний төрөл, олгож байгаа эрх;
37.2.3.олгосон эрхийг дахин дамжуулж болох эсэх;
37.2.4.бүтээл ашиглах хугацаа, нөхцөл, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;
37.2.5.бүтээл ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл;
37.2.6.зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг;
37.2.7.бүтээл ашиглагчийн эрх, үүрэг;
37.2.8.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага;
37.2.9.маргаан шийдвэрлэх журам.
37.3.Энгийн лиценз олгож байгаа зохиогчийн эрх эзэмшигч нь лиценз эзэмшигчийн хүсэлтээр бусад этгээдэд олгосон лицензийн гэрээний талаарх мэдээллийг өгч болно.
37.4.Энгийн болон онцгой лицензийн гэрээнд тусгайлан заагаагүй бүтээл ашиглах бусад онцгой эрх нь зохиогчийн эрх эзэмшигчид хэвээр хадгалагдана.
37.5.Бүтээл ашигласны төлбөрийн хэмжээг тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр талын хэлэлцэн тогтоосон нэгж үнийн дүнгээр, эсхүл нийт үнийн дүнгээр тодорхойлж болно.
37.6.Энэ хуулийн 37.5-д заасны дагуу бүтээлийн төлбөрийн хэмжээг нэгж үнийн дүнгээр тодорхойлсон бол зохиогчийн эрх эзэмшигч нь лиценз эзэмшигчээс олсон орлого, борлуулалтын талаарх мэдээллийг шаардах эрхтэй.