41 дугаар зүйл. Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах
41.1.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл олж авах эрхийг хангах зорилгоор бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, түгээх болон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрнө.
41.2.Бүтээлийн хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбарыг хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүс тусгайлан ашиглах бөгөөд бүтээлийг тэдгээрийн хэрэгцээнд зориулан хөрвүүлэхдээ эх бүтээлийн халдашгүй байдлыг хүндэтгэн үзнэ.
41.3.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнийг боловсрол, мэргэшсэн сургалт, номын сан, мэдээллээр хангах чиглэлээр, дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон Засгийн газраас эрх олгосон ашгийн төлөө бус байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/ ажиллана.
41.4.Энэ хуулийн 41.3-т заасан эрх бүхий байгууллага нь хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд зориулан бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлаж түгээх, дамжуулах үйл ажиллагааг явуулахдаа доор дурдсан шаардлагыг хангана:
41.4.1.тухайн бүтээл, эсхүл түүний хуулбарыг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, түгээх, дамжуулах хууль ёсны эрхтэй байх;
41.4.2.аливаа бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэхдээ зайлшгүй шаардагдах өөрчлөлтөөс бусад өөрчлөлтийг оруулахгүй байх;
41.4.3.бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэхдээ онцлог хэрэгцээнд нь нийцүүлсэн байх;
41.4.4.ашгийн төлөө бус зорилготой байх.
41.5.Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 41.4-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр аливаа бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, бусад эрх бүхий байгууллагаас уг хуулбарыг олж авах, дамжуулах, түгээх эрх эдэлнэ.
41.6.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон эрх бүхий байгууллага, эсхүл дээрх байгууллагын албан тушаалтан нь бүтээлийг эдгээр хүмүүст хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хил дамнуулан солилцох, хүлээн авах, түгээх, боловсролыг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн хэрэгслээр дамжуулан номын сангийн материалыг хүртээмжтэй болгож сургалтад ашиглах, бүтээлийг хичээлийн танхимд ашиглуулах, дэлгэж үзүүлэх, бүтээлийг зайны сургалтад зориулан хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө.
Тайлбар: Энэ хуульд заасан "хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбар" гэж хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд бүтээлийг бусдын адил чөлөөтэй, саадгүй хүлээн авахад нь зориулан бүтээсэн сонгох боломжтой төрөл, эсхүл хэлбэрт хөрвүүлсэн хуулбарыг ойлгоно.
41.7.Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллага хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.