47 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага
47.1.Хамтын удирдлагын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
47.1.1.ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;
47.1.2.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг гишүүнчлэлд хамруулсан байх;
47.1.3.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн төлөөлөх эрх олгох зөвшөөрлийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авсан байх; /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
47.1.4.бүтээл ашиглалтын төлбөрийг хураах, цуглуулах, хуваарилах арга, хэлбэр болон гишүүдийнхээ эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, удирдлагын зохион байгуулалтын бүтэц нь тодорхой, оновчтой байх;
47.1.5.гүйцэтгэх удирдлага болон ажилтан нь зохиогчийн эрх болон хамаарах эрхийн талаар 40 хүртэлх цагийн сургалтад хамрагдсан байх.
47.2.Хамтын удирдлагын байгууллага нь оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхдээ доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
47.2.1.хамтын удирдлагын байгууллагыг үүсгэн байгуулах гэрээ, дүрэм;
47.2.2.хамтын удирдлагын байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, нийт гишүүдийн нэр, хаяг, тоо, бусад шаардлагатай мэдээлэл;
47.2.3.хамтын удирдлагын байгууллагын удирдлагын бүтцийн талаарх мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын нэр, хаяг;
47.2.4.санал болгох бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээ;
47.2.5.бүтээл ашигласны төлбөр хураан авах, хуваарилах журам;
47.2.6.гишүүдийн бүтээл, зохиогчийн эрх, хамаарах эрхийн жагсаалт, бүртгэлийн тооны талаарх мэдүүлэг;
47.2.7.зохиогчийн эрх, хамаарах эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний гурван жилийн төлөвлөгөөнд орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулах.
47.3.Энэ хуулийн 47.1, 47.2-т заасан шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл санал болгосон бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ үндэслэлгүй гэж үзвэл оюуны өмчийн байгууллага хамтын удирдлагын байгууллагыг бүртгэхээс татгалзана.
47.4.Энэ хуулийн 47.2.4-т заасан бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээг Зөвлөл хянан баталгаажуулна.
47.5.Энэ хуулийн 47.1.5-д заасан сургалтыг оюуны өмчийн байгууллага болон түүнээс эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна. Сургалт зохион байгуулах журмыг оюуны өмчийн байгууллагын дарга батална.