10 дугаар зүйл. Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооболон банк, санхүүгийн байгууллагаас авчхэрэгжүүлэх арга хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.Төв банк цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар зайлшгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.1.1.төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих, банкны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор банканд зээл олгох Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулж, хуульд заасан арга, хэрэгслийг ашиглах;
10.1.2.гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаадын улс, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, худалдан авах нөхцөлтэйгөөр дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох, банкны үнэт цаас худалдан авах.
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан зээл, хэлцлийн нөхцөл, шаардлагыг Төв банк тогтооно.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 7 дахь заалт хамаарахгүй.
10.4.Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах буюу уг бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор хөлс, түрээсийн орлого, шаардах эрх зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэрлэсэн үнээр худалдан авна.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.6.Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.
10.7.Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.8.Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.9.Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.10.Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.11.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.12.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай мөнгөн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.13.Санхүүгийн зохицуулах хороо эрсдэл үүссэн, зайлшгүй нөхцөл байдлын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./