9 дугаар зүйл. Төрийн бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Төрийн бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

9.1.Цар тахлын тохиолдол ажиглах, халдварыг илрүүлэх, оношлох, баталгаажуулах, мэдээлэх, халдварт өвчтөнийг тусгаарлах, эмчлэх зэрэг шаардлагатай бусад хариу арга хэмжээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.2.Хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, халдварын сэжигтэй зорчигчийг илрүүлэх, тандах, тусгаарлалтад шилжүүлэх зэрэг хилийн нэвтрэх цэгт авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.4.Халдварт өвчнөөс хамгаалах зориулалттай эмнэлгийн хэрэгслийг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага улсын хилээр оруулах бөгөөд хамгаалах хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цар тахлын халдварын эмчилгээнд шаардлагатай шинэ төрлийн эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг түргэвчилсэн журмаар бүртгэнэ.

9.6.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.7.Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын хилээр оруулахгүй байж болно.

9.8.Зорчигч, тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн үед улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн хяналтын байгууллагаас гадна холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл хилийн боомтод ажиллаж болох ба уг үйл ажиллагаанд мөрдөх тусгай журмыг хилийн боомтын зөвлөлийн дарга батлан мөрдүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

9.9.Хилийн боомтоор зорчигчийн улсын хил нэвтрэх үеийн баримт бичгийг хялбаршуулсан журмаар шалгах бөгөөд холбогдох журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

9.10.Цар тахлын үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

9.11.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.12.Олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, улс хоорондын шуудан илгээмжид Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.13.Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

9.14.Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.15.Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношлогоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.16.Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газрын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, гэмтэл саатлыг шуурхай засварлах, үйлчилгээг сэргээх боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, машин техникт Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.17.Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангана.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.18.Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.19.Хүнсний цахим болон шууд худалдааны зохицуулалт, зохион байгуулалт, худалдаа эрхлэгчид тавих эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шаардлагыг тогтоосон журмыг холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хүнсний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.20.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсаас Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөө, хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.21.Энэ хуулийн 9.18-д заасан журмыг батлахад Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.22.Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.23.Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.