12 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
12.1.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:
12.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
12.1.2.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисс болон шүүхэд гомдол гаргах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.1.4.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах;
/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
12.1.5.хуульд заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:
12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
12.2.2.өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх;
12.2.3.мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах;
12.2.4.цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.6.цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих;
12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;
12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;
12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;
12.2.10.хуульд заасан бусад үүрэг.
12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
12.4.Иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.5.Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх /орох/ эрхийг баталгаатай эдэлнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
12.6.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулж болзошгүй мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./