13 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
13.1.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:
13.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
13.1.2.цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах, хандив, тусламж өгөх;
13.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
13.1.4.хуульд заасан бусад эрх.
13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:
13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;
13.2.3.ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;
13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;
13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;
13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;
13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;
13.2.8.гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;
13.2.9.цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
13.2.10.энэ хуулийн 7.1.1, 8.1.8-д заасан ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах;
/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
13.2.11.хуульд заасан бусад үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
13.4.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулах мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./