12 дугаар зүйл. Ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загвар
12.1.Шинэ бүтээл, ашигтай загварыг дараах тохиолдолд ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загвар гэж үзнэ:
12.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад зохион бүтээсэн;
12.1.2.ажил олгогчийн өгсөн албан даалгаврыг биелүүлэх явцад зохион бүтээсэн;
12.1.3.ажил олгогчийн технологи, төхөөрөмж, эд хөрөнгө, мэдээлэл, туршлага зэрэг нөөцийг ашиглаж зохион бүтээсэн.
12.2.Шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээсэн ажилтан энэ тухай ажил олгогчид нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.3.Ажил олгогч патентын мэдүүлэг гаргахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 12.2-т заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор патентын мэдүүлэг гаргаагүй бол патент авах эрхийг зохион бүтээгч ажилтан эдэлнэ.
12.4.Шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээх үүргийг хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд хүлээлгэж, зохих цалин хөлс олгож байснаас бусад тохиолдолд ажлын байранд зохион бүтээгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын патентыг ажил олгогч авахыг хүсвэл зохион бүтээгч ажилтантай гэрээ байгуулж, зохих төлбөр төлнө.
12.5.Ажил олгогч нь ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загварын патент авсан өдрөөс хойш зургаан сарын дотор, эсхүл патент авахаас өмнө шинэ бүтээл, ашигтай загварыг ашиглаж эхэлсэн бол үүнээс хойш нэг жилийн дотор зохион бүтээгч ажилтантай энэ хуулийн 12.4-т заасан гэрээ байгуулах бөгөөд уг гэрээгээр төлбөр төлөх нөхцөл, хэмжээ, түүнийг олгох журмыг тусгана. Төлбөрийн хэмжээг тогтооход тухайн шинэ бүтээл, ашигтай загварын эдийн засгийн үнэлгээ, ашигласнаас олох үр ашиг, талуудын оруулсан хувь нэмэр зэргийг харгалзана.
12.6.Энэ хуулийн 12.4-т заасан гэрээг байгуулаагүй бол төлбөрийн хэмжээг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгуулахаар ажилтан шүүхэд хандаж болно.
12.7.Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг зохион бүтээгч ажилтан эдэлнэ.