13 дугаар зүйл. Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загвар

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загвар

13.1.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээсэн бол энэ тухай захиалагчид нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч эдэлнэ.

13.3.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон шинэ бүтээл, ашигтай загварт патент авах эрхийг зохион бүтээгч эдлэхээр гэрээнд заасан бол патент авах эрхийг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр зохион бүтээгчид шилжүүлнэ.

13.4.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг захиалагч төрийг төлөөлж эдэлнэ. Захиалагч энэ хуулийн 13.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дотор оюуны өмчийн байгууллагад патентын мэдүүлэг гаргах бөгөөд энэ хугацаанд патентын мэдүүлэг гаргаагүй бол патент авах эрхийг зохион бүтээгч эдэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.