15 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах
15.1.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 11.1-д заасан этгээд оюуны өмчийн байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
15.2.Мэдүүлэг гаргагч патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно.
15.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй, эсхүл үйл ажиллагаа эрхэлдэггүй гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын хуулийн этгээд шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлнэ.
15.4.Шинэ бүтээл тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш шинэ бүтээлд нэг патентын мэдүүлэг гаргаж болно.
15.5.Ашигтай загвар тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш ашигтай загварт нэг патентын мэдүүлэг гаргаж болно.