16 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг
16.1.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг дараах зүйлээс бүрдэнэ:
16.1.1.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
16.1.2.тодорхойлолт;
16.1.3.томьёолол;
16.1.4.шаардлагатай тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загварын мөн чанарыг тайлбарласан зураг, бүдүүвч;
16.1.5.товч тайлбар;
16.1.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
16.1.7.зохион бүтээгч бус этгээд патентын мэдүүлэг гаргах бол патентын мэдүүлэг гаргах эрхээ нотолсон баримт;
16.1.8.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан зохион бүтээгчийн баталгаа;
16.1.9.мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэл;
16.1.10.давамгайлах эрх хүссэн бол үүнийг нотлох баримт.
16.2.Энэ хуулийн 16.1.1-д заасан өргөдөлд дараах зүйлийг тусгана:
16.2.1.патент авах тухай хүсэлт;
16.2.2.шинэ бүтээл, ашигтай загварын нэр;
16.2.3.патентын олон улсын ангилал;
16.2.4.мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг;
16.2.5.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
16.2.6.зохион бүтээгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал;
16.2.7.патент эзэмшигч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг;
16.2.8.патент эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
16.2.9.мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, хаяг, гарын үсэг;
16.2.10.давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл;
16.2.11.хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо.
16.3.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ.
16.4.Шинэ бүтээл, ашигтай загварыг мэдүүлэхдээ энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.5-д заасныг өөр хэлээр гаргасан тохиолдолд патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор монгол хэлээр орчуулж ирүүлнэ.
16.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.4-т заасан хугацааг нэг сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
16.6.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.5-д заасныг энэ хуулийн 16.4, 16.5-д заасан хугацааны дотор монгол хэлээр орчуулж ирүүлээгүй бол мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
16.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.1.7, 16.1.8, 16.1.9-д заасан баримт бичгийг шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах үед, эсхүл патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор ирүүлнэ.
16.8.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.7-д заасан хугацааг нэг сар хүртэл хугацаагаар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
16.9.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэгт тавих шаардлага, патентын мэдүүлгийг бүртгэх, тэдгээрт өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг оюуны өмчийн байгууллага батална.