17 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын тодорхойлолт
17.1.Шинэ бүтээл, ашигтай загварын тодорхойлолт нь тухайн шийдлийн техникийн өмнөх түвшнээс онцгой ялгарах шинж чанарыг тусгаж, хамаарах салбарын мэргэжлийн хүн хэрэгжүүлж болохуйц байдлаар бүрэн, тодорхой тайлбарлан бичсэн мэдээлэл байна. Шинэ бүтээл, ашигтай загварын тодорхойлолтод дараах зүйлийг тусгана:
17.1.1.шийдлийн нэр;
17.1.2.шийдлийн хамаарах болон ашиглагдах салбар;
17.1.3.дэвшүүлж байгаа шийдэлтэй төсөөтэй шийдлийн мөн чанар;
17.1.4.төсөөтэй шийдлүүдийн дутагдал;
17.1.5.дэвшүүлж байгаа шийдлийн зорилго;
17.1.6.дэвшүүлж байгаа шийдлийн мөн чанар;
17.1.7.шийдлийг бодитоор хэрэгжүүлэх арга;
17.1.8.шаардлагатай тохиолдолд шийдлийн мөн чанарыг тайлбарлах зураг.
17.2.Шинэ бүтээл, ашигтай загварын нэр нь товч, тодорхой, патентын олон улсын холбогдох ангилалд хамаарах нэр томьёог баримталсан байх бөгөөд хийсвэр, эсхүл бэлгэдлийн шинжтэй байж болохгүй.
17.3.Шинэ бүтээлийг бүтээхэд Монгол Улсын биологийн, эсхүл генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг шууд болон шууд бусаар ашигласан, эсхүл шинэ бүтээлийг ашиглахад хэрэглэх бол эдгээрийн гарал үүслийг шинэ бүтээлийн тодорхойлолтод онцлон зааж өгнө.
17.4.Шинэ бүтээлийг бүтээхэд ашигласан, эсхүл шинэ бүтээлийг ашиглахад хэрэглэх Монгол Улсын биологийн, эсхүл генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тодорхойлолтод заагаагүй, эсхүл худал мэдээлэл өгсөн нь оюуны өмчийн байгууллага патент олгохоос татгалзах, эсхүл олгосон патентыг хүчингүй болгох үндэслэл болно.