21 дугаар зүйл. Давамгайлах эрх хүсэх, давамгайлах эрхийг хүлээн зөвшөөрөх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Давамгайлах эрх хүсэх, давамгайлах эрхийг хүлээн зөвшөөрөх

21.1.Мэдүүлэг гаргагч патентын мэдүүлэгтээ Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсад гаргасан давамгайлах эрх үүсэх үндэслэл болсон нэг, эсхүл түүнээс дээш шинэ бүтээлийн, эсхүл ашигтай загварын патентын мэдүүлэгт үндэслэн Парисын конвенцын 4 дүгээр зүйлийн дагуу давамгайлах эрх хүсэж болно.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан давамгайлах эрх нь 12 сарын хугацаатай байх бөгөөд уг хугацааг Парисын конвенцын дагуу тооцно.

21.3.Мэдүүлэг гаргагч анхдагч огнооноос, эсхүл олон улсын мэдүүлгийг Монгол Улсад хүлээн авсан өдрөөс хойш хоёр сарын дотор давамгайлах эрх хүсэж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

21.4.Давамгайлах эрх үүсэх үндэслэл болсон патентын мэдүүлэг нь энэ хуулийн 21.1-д заасан аль нэг улсад гаргасан, эсхүл Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээлийн, эсхүл ашигтай загварын патентын олон улсын мэдүүлэг байна.

21.5.Мэдүүлэг гаргагч патентын мэдүүлэгтээ давамгайлах эрх хүссэн бол патентын мэдүүлгийг хүлээн авсан байгууллагаас олгосон давамгайлах эрхтэй болохыг нотлох баримтыг хавсаргана.

21.6.Мэдүүлэг гаргагч Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үзэсгэлэнд шинэ бүтээл, ашигтай загварыг нийтэд дэлгэсэн бол нийтэд дэлгэсэн өдрөөс хойш 12 сарын дотор үзэсгэлэнгийн давамгайлах эрх хүсэж болно.

21.7.Давамгайлах огноог нотлох баримтыг патентын мэдүүлэгт хавсаргах бөгөөд хавсаргаагүй бол патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор ирүүлж болно. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол мэдүүлэг гаргагч энэ хугацааг гурав хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасан хугацаанд давамгайлах огноог нотлох баримтыг ирүүлээгүй бол давамгайлах эрх хүсээгүйд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.