22 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын анхдагч огноог тогтоох, мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын анхдагч огноог тогтоох, мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх

22.1.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор мэдүүлэг гаргагчид, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/-д мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл хүргүүлнэ.

22.2.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 16, 21 дүгээр зүйлд заасан бүрдэл хангасан эсэхийг патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянана.

22.3.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

22.4.Оюуны өмчийн байгууллага нь шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш хоёр сарын дотор зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирүүлнэ.

22.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 22.4-т заасан хугацааг гурван сар хүртэл хугацаагаар сунгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

22.6.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 22.4, 22.5-д заасан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж ирүүлээгүй бол оюуны өмчийн байгууллага мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

22.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 22.5, 22.6-д заасан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж ирүүлсэн боловч энэ нь мэдүүлгийн бүрдлийн шаардлага хангаагүй бол оюуны өмчийн байгууллага мэдүүлэг гаргагчид бүрдэл хангуулах тухай шаардлагыг мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зохих нэмэлт, өөрчлөлт хийж ирүүлнэ. Энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

22.8.Оюуны өмчийн байгууллага нь патентын мэдүүлэг энэ хуулийн 6, 7, 9, 10, 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор шинэ бүтээлийн мэдүүлгийн бүрдлийн шүүлтийг энэ хуулийн 22.2-т заасан шаардлагыг хангасан өдрөөс хойш дөрвөн сарын дотор, ашигтай загварын мэдүүлгийн бүрдлийн шүүлтийг энэ хуулийн 22.2-т заасан шаардлагыг хангасан өдрөөс хойш хоёр сарын дотор хийнэ.

22.9.Дэвшүүлж байгаа шинэ бүтээл, ашигтай загвар нь энэ хуулийн 6, 7, 9, 10 дугаар зүйлд заасан шалгуурыг хангаагүй бол оюуны өмчийн байгууллага нь патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгож, мэдүүлэг гаргагчид мэдэгдэл хүргүүлнэ.

22.10.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загварын тодорхойлолт, томьёолол, товч тайлбар, зураг, бүдүүвч нь энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл патентын мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

22.11.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 22.10-т заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш хоёр сарын дотор нэмэлт, өөрчлөлт оруулж ирүүлээгүй бол мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцно. Энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

22.12.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 22.11-д заасан хугацааг шинэ бүтээлийн хувьд гурван сар хүртэл хугацаагаар, ашигтай загварын хувьд нэг сар хүртэл хугацаагаар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

22.13.Энэ хуулийн 22.11, 22.12-т заасан хугацааны дотор ирүүлсэн нэмэлт, өөрчлөлт нь энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол энэ тухай оюуны өмчийн байгууллага мэдүүлэг гаргагчид мэдэгдэх ба мэдүүлэг гаргагч уг шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зохих нэмэлт, өөрчлөлт хийж ирүүлнэ. Энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

22.14.Энэ хуулийн 22.13-т заасан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж ирүүлээгүй бол мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэл хүргүүлнэ.

22.15.Патентын мэдүүлгийг энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл энэ тухай патентын мэдүүлгийн бүрдлийн шүүлтийн дүгнэлт гаргаж, мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

22.16.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 22.1, 22.3, 22.4, 22.6, 22.7, 22.9, 22.10, 22.11, 22.13, 22.14, 22.15-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.