23 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг салгах, нэгтгэх, өөрчлөлт оруулах, шилжүүлэх, татгалзах
23.1.Мэдүүлэг гаргагч нь анхдагч огнооноос хойш мөн чанарын шүүлтийн явцын хэдийд ч анх мэдүүлсэн тодорхойлолтын агуулга, томьёоллын хүрээнд дараах өөрчлөлтийг оруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө:
23.1.1.патентын мэдүүлгээ хоёр ба түүнээс дээш патентын мэдүүлэгт салгах тухай хүсэлт гаргах;
23.1.2.хамтаар ашиглагдах шинэ бүтээлийн хэд хэдэн патентын мэдүүлгийг нэгтгэх;
23.1.3.хамтаар ашиглагдах ашигтай загварын хэд хэдэн патентын мэдүүлгийг нэгтгэх;
23.1.4.патентын мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт оруулах;
23.1.5.энэ хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан шинэ бүтээлийн мэдүүлгийг ашигтай загварын патентын мэдүүлэгт шилжүүлэх;
23.1.6.энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигтай загварын патентын мэдүүлгийг шинэ бүтээлийн патентын мэдүүлэгт шилжүүлэх.
23.2.Салгасан патентын мэдүүлэг тус бүр үндсэн патентын мэдүүлгийн анхдагч болон давамгайлах огноо авах эрхтэй. Салгасан патентын мэдүүлэг тус бүрд үйлчилгээний хөлс төлнө.
23.3.Мэдүүлэг гаргагч нь анхдагч огнооноос мөн чанарын шүүлтийн явцын хэдийд ч патентын мэдүүлгээсээ татгалзаж, хэрэгсэхгүй болгуулж болно.
23.4.Энэ хуулийн 23.3-д заасны дагуу хэрэгсэхгүй болсон патентын мэдүүлэг нь нийтэд илэрхий болоогүй бол тухайн патентын мэдүүлгийг техникийн өмнөх түвшинд хамааруулахгүй бөгөөд тухайн шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг дахин гаргаж болно.
23.5.Энэ хуулийн 23.1-д заасан өөрчлөлт нь анх ирүүлсэн тодорхойлолтын агуулгыг өөрчлөхөөр бол шинээр мэдүүлэг гаргана.