24 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэгт хайлт хийх, нийтэд мэдээлэх
24.1.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, ашигтай загварын техникийн өмнөх түвшинг тогтоох зорилгоор хайлт хийж, тайлан гаргана.
24.2.Энэ хуулийн 22.15-д заасан мэдүүлгийн бүрдлийн шүүлтийн дүгнэлт гарсан өдрөөс хойш шинэ бүтээлийн хайлтын тайланг есөн сарын дотор, ашигтай загварын хайлтын тайланг нэг сарын дотор гаргаж, мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
24.3.Мэдүүлэг гаргагч нь хайлтын тайлан хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэгтээ тодорхойлолтын хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
24.4.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 24.3-т заасан хугацааг гурав хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
24.5.Хайлтын тайлан нь шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгох, эсхүл патент олгохоос татгалзах үндэслэл болохгүй.
24.6.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн хайлтын тайланг мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ бүтээлийн ном зүй, тодорхойлолт, томьёолол, товч тайлбар, зураг, бүдүүвчийг хайлтын тайлангийн хамт албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.
24.7.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 24.6-д заасны дагуу түүнийг нийтлэхээс өмнө патентын мэдүүлгийн талаар гуравдагч этгээдэд мэдээлэл өгөхгүй бөгөөд патентын мэдүүлгийн агуулгыг нууцална.
24.8.Албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэгдсэн шинэ бүтээлийг патент олгох хүртэлх хугацаанд түр хамгаалалтад авах бөгөөд энэ хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр уг шинэ бүтээлийг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.