25 дугаар зүйл. Шинэ бүтээлийн патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Шинэ бүтээлийн патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх

25.1.Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн патентын мэдүүлгийн мөн чанарын шүүлтийг мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг үндэслэн хийнэ.

25.2.Мэдүүлэг гаргагч нь мөн чанарын шүүлт хийлгэх тухай хүсэлтийг анхдагч огнооноос хойш 15 сарын дотор оюуны өмчийн байгууллагад гаргах бөгөөд үйлчилгээний хөлс төлнө.

25.3.Оюуны өмчийн байгууллага нь энэ хуулийн 25.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан бол шинэ бүтээлийн патентын мэдүүлгийн мөн чанарын шүүлтийг энэ хуулийн 24.6-д заасны дагуу албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 12 сарын дотор хийж гүйцэтгэнэ.

25.4.Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор оюуны өмчийн байгууллага мөн чанарын шүүлт хийж, тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

25.5.Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.

25.6.Мөн чанарын шүүлтийн явцад патентын мэдүүлэгт энэ хуулийн 17, 18, 19, 20, 23 дугаар зүйлд заасан шаардлагад хамаарах болон бусад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шинжээч үзвэл энэ тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

25.7.Мөн чанарын шүүлт хийх явцад олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч болно.

25.8.Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол патент олгохоос татгалзаж, мөн чанарын шүүлтийн тайланг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

25.9.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 25.8-д заасан тайланг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор үндэслэл бүхий хариуг оюуны өмчийн байгууллагад ирүүлнэ.

25.10.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 25.9-д заасан хугацааг гурав хүртэл сараар сунгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

25.11.Оюуны өмчийн байгууллага энэ хуулийн 25.9-д заасан хариуг хүлээж авснаас хойш нэг сарын дотор шинэ бүтээлийн патентын мэдүүлгийг дахин хянаж, зохих нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзвэл энэ тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

25.12.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 25.6, 25.11-д заасан мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор зохих нэмэлт, өөрчлөлтийг хийж ирүүлэх бөгөөд мэдүүлэг гаргагч энэ хугацааг гурав хүртэл сараар сунгуулах хүсэлт гаргаж болно.

25.13.Энэ хуулийн 25.12-т заасан хугацаанд зохих нэмэлт, өөрчлөлтийг хийж ирүүлээгүй бол оюуны өмчийн байгууллага эцсийн дүгнэлт гаргаж, холбогдох шийдвэрийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.

25.14.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх журмыг оюуны өмчийн байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.