41 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентын хураамж
41.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд[4] заасны дагуу төлнө.
41.2.Патентыг хүчинтэй байлгах эхний таван жилийн хураамжийг патент олгосон өдрөөс хойш зургаан сарын дотор, патентыг хүчинтэй байлгах хугацааны дараагийн жилүүдийн хураамжийг тухайн патентын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлнө.
41.3.Энэ хуулийн 41.2-т заасан хугацаанд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бөгөөд энэ хуулийн 41.4-т заасны дагуу хүсэлт гаргаагүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, оюуны өмчийн байгууллага патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.
41.4.Энэ хуулийн 41.3-т заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг 12 сараар сэргээж болно. Энэ тохиолдолд зохих үйлчилгээний хөлс төлнө.
41.5.Энэ хуулийн 41.3-т заасан хугацаанд патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцно. Энэ хуулийн 41.4-т зааснаар патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэж, зохих хураамжийг төлөх хүртэл хугацаанд патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашиглаж эхэлсэн бол түүнийг шударгаар ашигласан гэж үзэж, патентын эрхийг зөрчсөнд тооцохгүй.
41.6.Патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 41.4-т заасан патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй.
41.7.Энэ хуулийн 41.4-т заасан хугацаанд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ.
ОЛОН УЛСЫН МЭДҮҮЛЭГ