ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ

Хөдөө аж ахуй, хүнс · 31 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж

2.1.Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тариалангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн орны иргэн, хуулийн этгээд нь энэ хуулиар сортын бүтээгчийн эрх авсан бол Монгол Улсын иргэний нэгэн адил энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."үр" гэж таримал ургамлын сортын нөхөн үржихүйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах амьд үр, суулгац, тарьц, хөврөл, ургал эрхтнийг;

4.1.2."сортын хянан баталгаа" гэж тариалсан сортын тодорхойлолтод заасан хэв шинж, цэвэршилтийг хангаж байгаа эсэх, хог ургамал, өвчин, хортонд нэрвэгдсэн эсэхийг үр үйлдвэрлэлийн талбай дээр эрх бүхий этгээд шалган тогтоох үйл ажиллагааг;

4.1.3."лабораторийн шинжилгээ" гэж үрийн чанар, сортын цэвэршилт болон хэв шинжийг генотип, фенотип шинжээр тодорхойлохоор лабораторид хийсэн шинжилгээг;

4.1.4."үрийн цуврал" гэж нэг удаагийн тариалалтаар хураасан нэг гарал үүсэлтэй, ижил чанартай үрийн багцыг;

4.1.5."үрийн чанар" гэж сортын тодорхой хэв шинжийг харуулсан сортын цэвэршилт, стандартад заасан тарих үрийн чанарын үзүүлэлтийг;

4.1.6."сорт" гэж генотип болон түүний хослолын дүнд бий болсон тогтвортой онцлог шинжийн илэрхийллээрээ бусад сортоос ялгарсан ботаникийн нэг бүлгэмдлийн доторх ургамлын бүлгийг;

4.1.7."арилжааны сорт" гэж сорт сорилтод соригдож, хяналтын болон нутагшсан сортоос аж ахуй, биологийн зарим үнэт шинж чанараар шалгарсан, тариалах боломжтой сортыг;

4.1.8."ирээдүйтэй сорт" гэж сорт сорилтын дүнгээр хяналтын сортоос аж ахуй, биологийн нэг болон хэд хэдэн чанараар тогтвортой давуу болох нь тогтоогдож шалгарсан, элит үр үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрөл олгосон сортыг;

4.1.9."нутагшсан сорт" гэж ирээдүйтэй сортоор батлагдсанаас хойш хоёроос доошгүй жил сортын давуу чанараа хадгалж, үйлдвэрлэлд нэвтэрснийг үр, сортын зөвлөлөөс баталгаажуулсан сортыг;

4.1.10."нутгийн уугуул сорт" гэж тухайн бүс нутгийн тариаланчид тодорхой хугацааны турш үе, удам дамжин шилж сонгон, тариалж, ашиглаж байгаа генетик иж бүрдлийн хувьд олон янз сортыг;

4.1.11."хамгаалагдсан сорт" гэж энэ хуульд заасны дагуу сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортыг;

4.1.12."сортын материал" гэж бүх төрлийн үржүүлгийн материал, ургамал, ургамлын хэсэг зэрэг хураасан ургацын материал, түүнээс гаралтай аливаа бүтээгдэхүүнийг;

4.1.13."сортын бүтээгч" гэж сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан хувь хүн, хуулийн этгээд, сортыг бүтээсэн этгээдийн ажил олгогч болон гэрээслэх, бэлэглэх, солилцох, худалдах замаар эрхийг шилжүүлэн авсан этгээдийг;

4.1.14."сортын тодорхойлолт" гэж талбайн туршилтаар болон лабораторийн шинжилгээгээр тогтоогдох сортын аж ахуй, биологийн хэв шинжийг тодорхойлох багц үзүүлэлтийг;

4.1.15."сорт сорилт" гэж таримал ургамлын шинэ сортыг удам гарвалийн хувьд баталгаажуулах, тухайн бүс нутагт нутагшсан хяналтын сорттой харьцуулан сорих замаар ургац болон аж ахуй, биологийн үнэ цэнийг тодорхойлох туршилтыг;

4.1.16."сортын бүтээгчийн эрх" гэж таримал ургамлын шинэ сорт бүтээгчид хуулиар олгосон эрхийг;

4.1.17."сортын үндэсний бүртгэл" гэж сорт сорилтод соригдож, ургац болон аж ахуй, биологийн шинж чанараар шалгарсан, үр үйлдвэрлэх, тариалахыг зөвшөөрсөн сортын бүртгэлийг;

4.1.18."хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөц" гэж хүнс, хөдөө аж ахуйн ургамал, түүний бүрэлдэхүүн хэсэг болон генетик материал агуулсан бүх зүйлсийг;

4.1.19."хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик материал" гэж удамшлын үйл ажиллагааны хэсгийг агуулсан нөхөн үржихүйн болон ургамлын гаралтай аливаа үржүүлгийн материалыг;

4.1.20."роялти" гэж Инновацын тухай хуулийн 3.1.10-т заасныг.

ҮР ҮЙЛДВЭРЛЭЛ

5 дугаар зүйл. Таримал ургамлын үрийн ангилал

5.1.Таримал ургамлын сортын нөхөн үржихүйн үе шатаас хамааруулан тухайн сортын үрийг доор дурдсанаар ангилна:

5.1.1.цөм үр;

5.1.2.торгон үр;

5.1.3.баталгаажсан үр.

5.2.Эрдэм шинжилгээний байгууллага тухайн сортыг бүтээсэн бүтээгчийн хяналтын доор анхан шатны үрийн материал болгон үржүүлсэн үрийг цөм үрд тооцно.

5.3.Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага тусгай зөвшөөрөлтэй үрийн аж ахуйдүржүүлсэн цөм үрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас стандартын шаардлага хангасныг тогтоосон бол торгон үрд тооцно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Тусгай зөвшөөрөлтэй үрийн аж ахуйд үржүүлсэн торгон үрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас стандартын шаардлага хангасныг тогтоосон бол баталгаажсан үрд тооцно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.5.Эрлийз сортын үрийг баталгаажсан үртэй адилтгаж үзнэ.

Тайлбар: "Эрлийз сортын үр" гэж эрлийзийн давуу чанар /гетерозис/-ыг ашиглан гаргаж авсан дахин үржүүлэх боломжгүй, зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглах үрийг ойлгоно.

5.6.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан үрд хөндлөнгийн лаборатори шинжилгээ хийж, шинжилгээний дүнг үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6 дугаар зүйл. Үр үйлдвэрлэл

6.1.Үр үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

6.2.Үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна таримлын төрлөөс хамааран дараах нэмэлт шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.үрийн тариалан эрхлэх талбайтай байх;

6.2.2.үр үйлдвэрлэлийн иж бүрэн техниктэй байх;

6.2.3.үтрэмийн талбай, үрийн агуулах, эсхүл эх ургамал хадгалах зоорьтой байх;

6.2.4.үр үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн агрономичтой байх.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан таримлын төрөл тус бүрээр бүрдүүлэх баримт бичгийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6.4.Үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаас гадна үржүүлэх үрийн төрөл, үр үйлдвэрлэх бүс нутгийг тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.Үрийн нөөц бүрдүүлэх, шинэчлэх зорилгоор өөрийн аж ахуйн хэрэгцээнд зориулан баталгаажсан үр үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй.

7 дугаар зүйл. Үр үйлдвэрлэгчийн үүрэг

7.1.Үр үйлдвэрлэгч дараах үүргийг хүлээнэ:

7.1.1.өөрийн үйлдвэрлэсэн үрийн дээжийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн үрийн лабораторийн чанар, хорио цээрийн хяналтын шинжилгээнд хамруулж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргуулах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгааг хийлгэх;

7.1.3.хамгаалагдсан сортын үр үйлдвэрлэх бол сортын бүтээгчийн зөвшөөрлийг авах;

7.1.4.энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;

7.1.5.сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн нутагшсан болон ирээдүйтэй сортын үрийг үржүүлгийн бүдүүвчийн дагуу үржүүлэх.

ҮРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ

8 дугаар зүйл. Үрийн чанарын хяналт, баталгаажуулалт

8.1.Хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг харгалзан үрийн чанарыг баталгаажуулах шаардлагатай таримал ургамлын төрөл, зүйлийн жагсаалтыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.2.Үр үйлдвэрлэлийн талбай бүрд таримал ургамлын төрлөөс хамааруулан үр боловсрох үед сортын хянан баталгааг хийлгэнэ.

8.3.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд уг хянан баталгааг тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж, хянан баталгааны акт үйлдэнэ.

8.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.3-т заасан мэргэжилтэнд хянан батлагчийн эрх олгоно.

8.5.Үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагчийг сургах, давтан сургах, хянан батлагчийн эрх олгох, цуцлах, бүртгэл хөтлөхтэй холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.6.Хянан баталгааны дүнгээр шаардлага хангасан талбайгаас хураасан ургацаас дээж авч шинжилгээнд өгөх, шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргах үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.7.Хянан баталгааны дүн болон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн ангиллын стандартын шаардлагад нийцсэн үрийн цуврал бүрийг баталгаажуулан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрчилгээ олгоно.

ҮРИЙН ХУДАЛДАА

9 дугаар зүйл. Үрийн худалдаа эрхлэх

9.1.Холбогдох стандартын шаардлага хангасан, баталгаажуулсан үрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдана.

9.2.Үрийг худалдах, тээвэрлэхдээ түүний сав, баглаа боодлын шошго, дагалдах баримт бичигт тухайн үрийн сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаарх мэдээллийг тусгасан байна.

9.3.Химийн гаралтай бодис, цацрагаар ариутгасан үрийг савлаж багласан байх бөгөөд үрийн ариутгалын талаарх мэдээлэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг анхааруулсан болон тухайн үрийг ашиглахдаа баримтлах дарааллыг харуулсан зөвлөмжийг шошгод тусгах, эсхүл энэ тухай баримт бичгийг дагалдуулна.

10 дугаар зүйл. Үрийн импорт, экспорт

10.1.Монгол Улсад импортоор оруулж байгаа үр дараах шаардлагыг хангасан байна:

10.1.1.холбогдох стандартын шаардлагыг хангах;

10.1.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх;

10.1.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үед тухайн сортын тодорхойлолт, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичиг нь олгогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байх;

10.1.4.ургамал, хорио цээрийн болон био аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байх.

10.2.Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, туршилт, реэкспорт хийх, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үрийн хангамж дутагдсан талаар үр, сортын зөвлөл дүгнэлт гаргаснаас бусад тохиолдолд сортын үндэсний бүртгэлд бүртгэгдээгүй сортын үрийг импортлохыг хориглоно.

10.3.Хувиргасан амьд организмын гаралтай сортын үрийг импортоор оруулахдаа Хувиргасан амьд организмын тухай хуульд заасныг баримтална.

10.4.Тариалангийн тухай хуулийн 16.3-т заасан таримлын үрийг импортлох, худалдахыг хориглоно.

10.5.Таримал ургамлын үрийг экспортлоход Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баримтална.

11 дугаар зүйл. Үрийн нөөцийн сан

11.1.Монгол Улс үрийн улсын болон үрийн технологийн нөөцтэй байна.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан технологийн нөөцийг нутагшсан сортын үрээр бүрдүүлэх бөгөөд үр дутагдсан тохиолдолд ирээдүйтэй сортын үрээр нөхөн бүрдүүлж болно.

11.3.Үрийн улсын нөөцийг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон асуудлыг Улсын нөөцийн тухай хуулиар зохицуулна.

11.4.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дутагдах үрийн хэрэгцээг хангах, сорт солих, үр шинэчлэх зориулалттай үрийн технологийн нөөцийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

11.5.Үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

СОРТЫН БҮРТГЭЛ

12 дугаар зүйл. Сортын үндэсний бүртгэл

12.1.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сортын үндэсний бүртгэлийг хөтөлж, албан ёсны цахим хуудсандаа байршуулна.

12.2.Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх, сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.3.Дараах шаардлагыг хангасан сортыг сортын үндэсний бүртгэлд бүртгэнэ:

12.3.1.таримлын хувьд ургац болон аж ахуй, биологийн үнэ цэнийг сорт сорилтын дүнгээр тогтоосон байх;

12.3.2.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн оноосон нэртэй байх.

12.4.Сортын үндэсний бүртгэл ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул болон хамгаалагдсан гэсэн ангилалтай байна.

13 дугаар зүйл. Хамгаалагдсан сортын бүртгэл

13.1.Энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бүх сортыг хамгаалагдсан сортын бүртгэлд бүртгэж нийтэд мэдээлнэ.

13.2.Хамгаалагдсан сортын бүртгэлийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, тогтмол шинэчилнэ.

13.3.Энэ хуулийн 13.1-д заасан хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАРИМАЛ УРГАМЛЫН СОРТЫН ХАМГААЛАЛТ

14 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрх олгох

14.1.Сортын бүтээгч тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шинэ сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтэд сортыг нэрлэх нэрийг санал болгосон байна.

14.2.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг санал болгосон нэрийн хамт албан ёсоор хүлээн авсны дараа нэн даруй нийтэд зарлана.

14.3.Сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.4.Энэ хуулийн 14.1-д заасан байгууллага сортын бүтээгчийн эрх авах хүсэлтийг хүлээн авч, тухайн сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг доор дурдсанаар тогтооно:

14.4.1.сортын үржүүлгийн болон ургацын материалыг сортын бүтээгч өөрөө, эсхүл түүний зөвшөөрлөөр хүсэлт гаргасан өдрөөс өмнө дараах хугацаанд худалдаагүй, түгээгээгүй бол тухайн сортыг шинэ гэж үзнэ:

14.4.1.а.Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг жилээс өмнө;

14.4.1.б.бусад улсын нутаг дэвсгэрт дөрвөн жилээс өмнө, мод, бутлаг ургамлын хувьд зургаан жилээс өмнө.

14.4.2.сортын бүтээгчийн эрх олгох, сортын бүртгэлд өөр сорт нэмж оруулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтэд дурдсан сортод бүтээгчийн эрх олгох, сортыг сортын бүртгэлд нэмж оруулахаар тооцож, хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тухайн сортыг нийтэд танигдсан сорт гэж үзэх бөгөөд шинээр гаргасан сорт нь хүсэлт гаргах үед нийтэд танигдсан бусад сортоос илэрхий ялгаатай бол тухайн сортыг ялгаатай гэж үзнэ;

14.4.3.хэрэв үржүүлгийн онцлогоос хамааран гарч болох өөрчлөлтийн үед сортын үндсэн шинж хангалттай жигд хадгалагдаж байвал сортыг жигдэрсэн сорт гэж үзнэ;

14.4.4.давтан үржүүлгийн дараа, эсхүл тодорхой мөчлөгтэй үржүүлгийн төгсгөл бүрд сортын үндсэн шинж тэмдгүүд нь өөрчлөгдөхгүй байвал сортыг тогтворжсон сорт гэж үзнэ.

14.5.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохдоо энэ хуулийн 14.1-д заасан байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

14.5.1.сортын бүтээгчээс шаардлагатай мэдээлэл, баримт бичиг, материалыг гаргуулах;

14.5.2.сортыг ургуулах, эсхүл шаардлагатай бусад туршилт хийх;

14.5.3.энэ хуулийн 14.5.2-т заасан туршилтыг дараах этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлнэ:

14.5.3.а.тухайн сортын бүтээгчээр;

14.5.3.б.бусад хуулийн этгээдээр;

14.5.3.в.Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн орны эрх бүхий байгууллагаар;

14.5.3.г.энэ хуулийн 14.5.3.а-14.5.3.в-д заасан этгээд хамтран.

14.6.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохдоо өмнө хийгдсэн ургуулах туршилт болон бусад туршилтын дүнг харгалзан үзэж болно.

14.7.Энэ хуулийн 14.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг сортын бүтээгч хариуцна.

14.8.Сортын бүтээгчийн эрх олгоход энэ хуулийн 14.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлд зааснаас өөр нөхцөл шаардахгүй.

14.9.Улсын төсвийн санхүүжилтээр бий болгосон сортын бүтээгчийн эрхийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эзэмшинэ.

14.10.Улсын төсвийн санхүүжилтээр бий болгосон сортыг ашигласнаас олсон роялти хуваарилах асуудлыг тухайн сортыг захиалагч, ажил олгогч, бүтээгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

14.11.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.12.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад оронд хийгдсэн шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоосон тайланг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хамтран ажиллана.

15 дугаар зүйл. Сортыг нэрлэх

15.1.Сорт нь нэртэй байх бөгөөд уг сортыг нэрээр нь таних боломжтой байна.

15.2.Сортын бүтээгчийн эрх дуусгавар болсон нь уг сортын нэрийг ашиглах эрхийг хөндөхгүй.

15.3.Сортын нэрийг дан ганц тоогоор илэрхийлэхгүй.

15.4.Сортын нэрийг давхардуулан олгохгүй.

15.5.Нэр нь сортын хэв шинж, үнэ цэнэ, өвөрмөц байдал, сортын бүтээгчийн тухай мэдээллийг төөрөгдүүлж, буруу, ташаа ойлголт төрүүлэхүйц байж болохгүй.

16 дугаар зүйл. Сортын нэрийг бүртгэх

16.1.Сортын бүтээгч сортын нэрийг бүртгүүлэхээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана.

16.2.Сортын нэр энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сортын нэрийг бүртгэхээс татгалзана.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасны дагуу сортын нэрийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд сортын бүтээгч тогтоосон хугацаанд багтааж өөр нэр санал болгоно.

16.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд сортын нэрийг сортын бүтээгчийн эрх олгохдоо бүртгэнэ.

17 дугаар зүйл. Сортын бүтээгчид давуу эрх олгох

17.1.Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн аль нэг орны нутаг дэвсгэрт сортын эрхийг хамгаалуулах хүсэлт /цаашид "эхний хүсэлт" гэх/ гаргасан сортын бүтээгч нь Монгол Улсын тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн сортыг хамгаалуулах хүсэлтийг /цаашид "дараагийн хүсэлт" гэх/ 12 сарын хугацаанд гаргах давуу эрх эдэлнэ.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан хугацаа нь эхний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тоологдох бөгөөд хүсэлт гаргасан өдөр уг хугацаанд багтахгүй.

17.3.Сортын бүтээгч давуу эрхээ эдлэхийн тулд эхний хүсэлтийн давуу эрхийг дараагийн хүсэлтэд шаардаж болно.

17.4.Дараагийн хүсэлтийг хүлээж авсан эрх бүхий байгууллага эхний хүсэлтэд бүрдүүлсэн баримт бичгийн баталгаат хуулбар болон хоёр хүсэлтийн зүйл нь адил болохыг нотлох баримт, загварыг дараагийн хүсэлт гаргасан өдрөөс хойш гурван сараас доошгүй хугацааны дотор гаргаж өгөхийг сортын бүтээгчээс шаардана.

17.5.Дараагийн хүсэлтийг хүлээн авсан эрх бүхий байгууллага хүсэлтийг энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн улсын хууль тогтоомжид заасан шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичиг, материалыг давуу эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш хоёр жилийн дотор, эсхүл эхний хүсэлтийг буцаасан, эсхүл татгалзсан бол түүнээс хойш боломжит хугацаанд бүрдүүлж өгөх боломжийг сортын бүтээгчид олгоно.

17.6.Өөр хүсэлт гаргах, эсхүл эхний хүсэлтийн зүйл болох сортыг ашиглах, хэвлэн нийтлэх зэрэг эхний хүсэлтийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа нь дараагийн хүсэлтээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь гуравдагч этгээдийн хувьд эрх үүсгэхгүй.

18 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийг түр хамгаалах арга хэмжээ

18.1.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сортын бүтээгчийн эрх авах хүсэлтийг зарласан өдрөөс эхлэн уг эрхийг олгох хүртэл хугацаанд сортын бүтээгчийн эрхийг хангах түр хамгаалах арга хэмжээг авна.

18.2.Сортын бүтээгчийн эрх олгогдсон тохиолдолд энэ хуулийн 18.1-д заасан түр хамгаалах хугацаанд энэ хуулийн 19.1-д заасан үйлдэл хийсэн этгээдээс нөхөн олговор авах, сортын бүтээгчийн зөвшөөрөл өгөх эрх эдэлнэ.

18.3.Сортын бүтээгчийн эрх олгогдоогүй бол түр хамгаалах арга хэмжээ аваагүйд тооцно.

19 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээ

19.1.Дараах үйл ажиллагаанд хамгаалагдсан сортын үржүүлгийн материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авна:

19.1.1.үйлдвэрлэл, дахин үйлдвэрлэл /үржүүлэг/;

19.1.2.үржүүлэх нөхцөл бүрдүүлэх;

19.1.3.худалдах санал тавих;

19.1.4.худалдах, маркетинг хийх;

19.1.5.экспортлох;

19.1.6.импортлох;

19.1.7.энэ хуулийн 19.1.1-19.1.6-д заасан аль нэг зорилгоор нөөц бүрдүүлэх.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу зөвшөөрөл авахад энэ хуулийн 21, 22 дугаар зүйлд заасныг харгалзан үзнэ.

19.3.Дараах тохиолдолд энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу сортын бүтээгчээс зөвшөөрөл авна:

19.3.1.шууд хувиргаж гаргаагүй хамгаалагдсан сортоос шууд хувиргаж сорт гаргасан;

Тайлбар: Дараах сортыг өөр сортоос шууд хувиргаж гаргасан сорт гэж үзнэ:

-эх сортоос голчлон гаргаж авсан, эсхүл эх сортоос голчлон гаргаж авсан сортоос гаралтай бөгөөд эх сортын генотип болон генотипийн хослолын үндсэн шинж тэмдгийг хадгалж байгаа сорт бол;

-эх сортоос илэрхий ялгаатай сорт бол;

-шинэ сортын өвөрмөц өөр шинж тэмдгээс бусад үндсэн шинж тэмдэг нь эх сортын генотип болон генотипийн хослолын үндсэн шинж тэмдгийг хадгалж байгаа бол.

19.3.2.энэ хуулийн 14.4.2-т заасны дагуу ялгаатай болох нь тогтоогдсон хамгаалагдсан сортоос илэрхий ялгаагүй сорт гаргасан;

19.3.3.хамгаалагдсан сортыг давтан ашиглаж сорт гаргасан.

19.4.Шууд хувиргасан сортыг байгалийн, зохиомол мутант, сомаклонийн хувиргалт болон эх сортын ургамлаас хувирсан ганцаарчилсан шилэн сонголтын, буцаах эвцэлдүүлгийн болон генетик инженерчлэлийн аргыг ашиглан гаргаж болно.

20 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрх үл хамаарах үйл ажиллагаа

20.1.Дараах үйл ажиллагаанд сортын бүтээгчийн эрх хамаарахгүй:

20.1.1.хувийн хэрэгцээнд, ашгийн бус зорилгоор хийсэн үйл ажиллагаа;

20.1.2.туршилтын зорилгоор хийсэн үйл ажиллагаа;

20.1.3.өөр сорт гарган авах зорилгоор хийсэн үйл ажиллагаа.

20.2.Тариалан эрхлэгч хамгаалагдсан сортыг өөрийн аж ахуйн хэрэгцээнд зориулан үржүүлэх, түүнээс хурааж авсан материалаа тариалалтад дахин ашиглах тохиолдолд тодорхой хязгаарын хүрээнд сортын бүтээгчийн эрх үйлчлэхгүй байж болно.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан хязгаарыг таримал ургамлын төрөл, зүйл, тухайн аж ахуйн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

21 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрх дуусгавар болох

21.1.Хамгаалагдсан сортын болон энэ хуулийн 19.3-т заасан сортын материал, тэдгээрээс гаралтай аливаа материалыг сортын бүтээгч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгөөр худалдсан, зах зээлд гаргасан бол энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т зааснаас бусад тохиолдолд сортын бүтээгчийн эрх дуусгавар болно:

21.1.1.тухайн сортыг цаашид үржүүлэх;

21.1.2.эцсийн хэрэглээнээс бусад зорилгоор тухайн сортод хамаарах ургамлын төрөл, зүйлийн сортыг хамгаалдаггүй улсад тухайн сортын үржүүлэгт ашиглах боломжтой материалыг экспортлох бол.

22 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийг хязгаарлах

22.1.Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сортын бүтээгчийн эрхээ эдлэх боломжийг төр хязгаарлаж болно.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан хязгаарлалтын улмаас гуравдагч этгээдэд олгосон зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасалдсан, зогссон бол сортын бүтээгчид нөхөн олговор олгоход шаардагдах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл. Худалдааг зохицуулах арга хэмжээ

23.1.Сортын материалыг үйлдвэрлэх, баталгаажуулах, зах зээлд гаргах, эдгээр материалын импорт, экспортыг зохицуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь сортын бүтээгчийн эрхийг хөндөхгүй.

24 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа

24.1.Сортын бүтээгчийн эрх олгогдсоноос хойш 20 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд мод болон мөлхөө ургамлын хувьд энэ хугацаа 25 жил байна.

25 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийг хүчингүй болгох

25.1.Дараах нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол сортын бүтээгчийн эрхийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгож, нийтэд зарлана:

25.1.1.сортын бүтээгчийн эрх олгох үед тухайн сорт энэ хуулийн 14.4.1, 14.4.2-т заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдвол;

25.1.2.сортын бүтээгчийн эрхийг сорт бүтээгчийн бүрдүүлж өгсөн мэдээлэл, баримт бичигт голлон үндэслэж олгосон бөгөөд сортын бүтээгчийн эрх олгох үед тухайн сорт энэ хуулийн 14.4.3, 14.4.4-т заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдвол;

25.1.3.сортын бүтээгчийн эрх авах эрхгүй хүнд сортын бүтээгчийн эрх олгосон ба уг эрх нь хууль ёсны этгээдэд шилжээгүй бол.

25.2.Энэ хуулийн 25.1-д зааснаас бусад үндэслэлээр сортын бүтээгчийн эрхийг хүчингүй болгохыг хориглоно.

26 дугаар зүйл. Сортын бүтээгчийн эрхийг цуцлах

26.1.Сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаанд хамгаалагдсан сорт нь жигд болон тогтвортой байх шинжээ алдсан тохиолдолд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сортын бүтээгчийн эрхийг цуцална.

26.2.Сортын бүтээгч тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд дараах шаардлагыг биелүүлээгүй бол сортын бүтээгчийн эрхийг цуцалж болно:

26.2.1.сортын бүтээгч энэ хуулийн 26.1-д заасны дагуу сортын хэв шинжийг алдагдаагүй болохыг баталгаажуулахад шаардагдах мэдээлэл, баримт бичгийг ирүүлээгүй бол;

26.2.2.сортын бүтээгчийн эрхийг хүчин төгөлдөр байлгахад шаардагдах төлбөр, хураамжийг төлөөгүй бол;

26.2.3.сортын бүтээгчийн эрх олгосны дараа сортын нэр хүчингүй болсон боловч сортын бүтээгч өөр тохиромжтой нэр санал болгоогүй бол.

26.3.Сортын бүтээгч бүтээгчийн эрхийг цуцлах хүсэлтийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах эрхтэй бөгөөд уг сортын бүтээгчийн эрхийг цуцлах өдрийг хүсэлтэд тусгана.

26.4.Энэ хуулийн 26.1-26.3-т зааснаас бусад үндэслэлээр сортын бүтээгчийн эрхийг цуцлахгүй.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАРИМАЛ УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН САН

27 дугаар зүйл. Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сан

27.1.Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах болон таримал ургамлын шинэ сорт бүтээх селекцийн ажилд ашиглах зорилгоор таримал ургамлын генетик нөөцийн санг байгуулна.

27.2.Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сан нь Монгол Улсад селекцийн аргаар гаргасан сорт болон нутгийн уугуул сорт, тэдгээрийн зэрлэг удам, эрлийз болон гадаадын сортын генетик материалаас бүрдэнэ.

27.3.Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сан нь төрийн мэдэлд байна.

27.4.Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах, судлах болон сангийн хэвийн үйл ажиллагааг хангах асуудлыг таримал ургамлын судалгааны төрийн үйлчилгээний эрдэм шинжилгээний хүрээлэн хариуцан хэрэгжүүлнэ.

27.5.Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн санг баяжуулах, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлон бүртгэх, хадгалж хамгаалах, судалж ашиглах болон харилцан солилцохтой холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

28 дугаар зүйл. Төрийн байгууллагын чиг үүрэг

28.1.Таримал ургамлын үр, сортын бодлогын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар тариалангийн алба, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн нэгж, тариалангийн бүс дэх сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв хариуцан гүйцэтгэнэ.

28.2.Үр, сортын чанарыг баталгаажуулах үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн нэгжид таримал ургамлын үр, сорт, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн асуудал хариуцсан агрономич ажиллана.

28.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн салбарын мэргэжилтнийг бэлтгэх, ажлын байраар хангах талаар нэгдсэн бодлого боловсруулж, холбогдох төрийн бус байгууллага, сургалтын байгууллагатай хамтран ажиллана.

28.5.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үр, сортын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.5.1.үр, сортын салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах;

28.5.2.үрийн хангамж, баталгаат байдлын түвшнийг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

28.5.3.үрийн салбарын статистикийн мэдээллийг цуглуулж, статистикийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад хүргүүлэх, мэдээллийн санг байгуулах;

28.5.4.сорт сорилтын төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

28.5.5.үр, сортын салбарт үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл хөтлөх, сорт соригчийн сургалт явуулах, гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох, холбогдох журмыг батлах;

28.5.6.үндэсний болон хамгаалагдсан сортын бүртгэлийг хөтлөх, бүртгэлтэй сортын албан ёсны жагсаалтыг нийтлэх, тогтмол шинэчлэх;

28.5.7.сорт сорилт, үрийн баталгаажуулалтын талаарх гарын авлагыг боловсруулах, холбогдох мэргэжилтнийг сургах;

28.5.8.үндэсний сортын үр үйлдвэрлэх болон тарих технологи, тариалах бүс нутгийн талаар зөвлөмж боловсруулах, цахим хуудсандаа байршуулах;

28.5.9.энэ хуульд заасны дагуу таримал ургамлын шинэ сортын бүтээгчийн эрхийг олгох;

28.5.10.үрийн салбарын судалгаа болон хөгжлийн чадавхыг бэхжүүлэх;

28.5.11.таримал ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

28.5.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

28.6.Үр үйлдвэрлэх, боловсруулах, худалдах, экспортлох, импортлох, сорт бүтээх үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд энэ хуулийн 28.5.5-д заасан журмын дагуу бүртгүүлнэ.

28.7.Өөрийн аж ахуйн хэрэгцээнд зориулан үр үйлдвэрлэж байгаа тохиолдолд үрийн хэмжээ, төрлийг харгалзан үрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлэхгүй байж болно.

28.8.Энэ хуулийн 28.7-д заасан үрийн хэмжээ, төрлийг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

28.9.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сорт сорилт, туршилт, сортын хянан баталгаа хийх, хяналт-шинжилгээ болон үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно.

28.10.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалангийн бүс бүрд сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв /цаашид "сорт сорилтын төв" гэх/-тэй байна.

28.11.Сорт сорилтын төв дараах үүрэгтэй:

28.11.1.тариалангийн бүсэд сортыг батлагдсан арга зүйн дагуу сорих;

28.11.2.сортын үр үржүүлэх;

28.11.3.үр үйлдвэрлэгчид сортын үр үржүүлэг, үйлдвэрлэлийн технологийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх.

28.12.Энэ хуулийн 28.11.1-д заасан арга зүйг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл батална.

28.13.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус үр, сортын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

28.13.1.үр, сортын бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах;

28.13.2.энэ хуулийн 28.13.3-т заасан сортыг үндэсний бүртгэлд бүртгэх талаар зөвлөмж гаргах;

28.13.3.сорт сорилтын дүнг үндэслэн тухайн сортыг ирээдүйтэй, нутагшсан, эсхүл арилжааны сортоор баталгаажуулж, гэрчилгээ олгох;

28.13.4.энэ хуулийн 7.1.5-д заасан үржүүлгийн бүдүүвчийг батлах;

28.13.5.энэ хуулийн 10.2-т заасан дүгнэлт гаргах.

28.14.Энэ хуулийн 28.13-т заасан зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.15.Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БУСАД ЗҮЙЛ

29 дугаар зүйл. Үйлчилгээний хураамж

29.1.Сортыг бүртгэх, сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгах үйлчилгээнд төлөх тэмдэгтийн хураамжийг сортын бүтээгч хариуцна.

29.2.Хураамжийн хэмжээг тогтоох, хураахтай холбогдсон харилцааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

30 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

31.1.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.