27 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн сан
27.1.Нийтийн мэдээллийн сан дараах төрөлтэй байна:
27.1.1.суурь мэдээллийн сан;
27.1.2.төрөлжсөн мэдээллийн сан;
27.1.3.байгууллагын мэдээллийн сан.
27.2.Суурь мэдээллийн санг хуулиар эрх олгогдсон байгууллага хуульд заасны дагуу үүсгэн бүрдүүлэх бөгөөд уг мэдээллийн сан нь анхдагч эх сурвалж байна.
27.3.Суурь мэдээллийн санд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6, 7, 8 дугаар зүйл, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэдээллийн сан хамаарна.
27.4.Суурь мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн, эсхүл мэдээлэл хариуцагчаас хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрөлжсөн мэдээллийн санг үүсгэнэ.
27.5.Байгууллагын мэдээллийн санд суурь болон төрөлжсөн мэдээллийн сан хамаарахгүй, мэдээлэл хариуцагчийн дотоод үйл ажиллагаанд зориулсан мэдээллийн сан хамаарна.
27.6.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сантай давхардуулан мэдээллийн сан үүсгэхийг хориглоно.
27.7.Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулна.
27.8.Мэдээлэл хариуцагч суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах тухай бүр цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.
27.9.Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл, бүртгүүлэх журмыг Засгийн газар батална.
27.10.Цахим хэлбэрээр үүсгэх нийтийн мэдээллийн сан нь нэгдсэн ангилал, код, тайлбартай байна.
27.11.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.10-т заасан нэгдсэн ангилал, код, тайлбарыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэдээлэл хариуцагчтай хамтран батална.
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГАА