9 дугаар зүйл. Хязгаарлалттай мэдээлэл

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хязгаарлалттай мэдээлэл

9.1.Албаны нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журамд заасны дагуу ашиглана.

9.2.Энэ хуулийн 7.3-т заасан хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

9.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл;

9.2.2.төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл;

9.2.3.нээлттэй байлгах нь соёлын хосгүй үнэт өвд аюул учруулж болзошгүй мэдээлэл;

9.2.4.хуульд заасан бусад.

9.3.Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна.

9.4.Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна.

9.5.Мэдээлэл хариуцагчид байгаа хязгаарлалттай мэдээллийг тухайн мэдээллийн эзэн өөрөө хэдийд ч авч ашиглаж болно.

9.6.Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа дараах нөхцөлийг танилцуулна:

9.6.1.мэдээлэл авах зорилго;

9.6.2.мэдээлэл авагч нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, холбоо барих хаяг, харилцах утасны дугаар;

9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утасны дугаар;

9.6.4.авах мэдээллийн жагсаалт, мэдээлэл авах хэлбэр;

9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа;

9.6.6.мэдээллийг ил болгох эсэх;

9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх;

9.6.8.зөвшөөрлөө цуцлах хэлбэр.

9.7.Мэдээллийн эзэн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд зөвшөөрлөө цуцлахаас өмнө мэдээлэл хариуцагчийн тухайн мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан ажиллагааг хууль ёсны гэж үзнэ.

9.8.Мэдээлэл хариуцагчийн худалдан авах ажиллагаа, тендер сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах зорилгоор тендерт шалгарсан оролцогчийн зөвшөөрлийг үндэслэн тендерийн нууцлаагүй хэсгийг бусад оролцогчид ил болгоход энэ хуулийн 9.7 дахь хэсэг хамаарахгүй.

9.9.Мэдээллийн эзэн зөвшөөрлөө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгч, цуцална. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.10.Мэдээллийн эзэн Иргэний хуулийн 16, 17, 18, 19 дүгээр зүйлд заасан хүн бол түүнд хамаарах хязгаарлалттай мэдээллийг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр өгнө.

9.11.Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлийг үндэслэн бусдад өгсөн, дамжуулснаа нотлох үүрэгтэй.

9.12.Төрийн байгууллага болон хуульд заасан бусад этгээд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалттай мэдээллийг ашиглах бол мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй.

9.13.Энэ хуулийн 9.12-т заасны дагуу мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

9.14.Мэдээлэл хариуцагч хязгаарлалттай мэдээллийг ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтөлнө.

9.15.Энэ хуулийн 9.14-т заасан бүртгэлд хүсэлт гаргасан этгээд, он, сар, өдөр, мэдээллийн эзнийг тодорхойлох мэдээлэл, зөвшөөрөл өгсөн хэлбэр, баталгаажуулалт, он, сар, өдөр, цахим тодорхойлогч, байгууллага, албан тушаалтны хандсан он, сар, өдөр, авсан мэдээллийн агуулга, мэдээлэл авсан зорилго, мэдээлэл ашигласан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.

9.16.Энэ хуулийн 9.13, 9.14-т заасан мэдэгдэл хүргүүлэх, бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална.

9.17.Хязгаарлалттай мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан үйл ажиллагаа, мэдээлэл хүссэн бүртгэл болон дараах мэдээлэлтэй мэдээллийн эзэн танилцах эрхтэй:

9.17.1.мэдээлэл авсан этгээд;

9.17.2.авсан мэдээллийн жагсаалт, мэдээлэл авсан хэлбэр;

9.17.3.мэдээлэл авсан он, сар, өдөр;

9.17.4.тухайн мэдээллийг авах хууль зүйн үндэслэл.

9.18.Энэ хуулийн 9.17-д заасны дагуу гаргасан танилцах хүсэлтийг мэдээлэл хариуцагч хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.

9.19.Хязгаарлалттай мэдээллийг гүйцэтгэх ажлын хүрээнд эрх бүхий байгууллагад дамжуулсан бол энэ хуулийн 9.13, 9.17, 9.18 дахь хэсэг үйлчлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.