8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл
8.1.Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана.
8.2.Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.2.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн;
8.2.2.чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утасны дугаар, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг;
8.2.3.эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж;
8.2.4.хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан;
8.2.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан;
8.2.6.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт;
8.2.7.албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг;
8.2.8.өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ;
8.2.9.хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл;
8.2.10.мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр.
8.3.Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.3.1.ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл;
8.3.2.албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам;
8.3.3.албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм;
8.3.4.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам;
8.3.5.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ;
8.3.6.албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам.
8.4.Мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.4.1.өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл, Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн санал, Төсвийн тухай хуулийн 54.5.4-т заасан мэдээлэл; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.4.2.төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан;
8.4.3.санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт;
8.4.4.хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
8.4.5.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар;
8.4.6.таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;
8.4.7.цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт;
8.4.8.бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.9.шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
8.4.10.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
8.4.11.худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт шалгалтын тайлан, дүгнэлт;
8.4.12.мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл;
8.4.13.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалт;
8.4.14.Засгийн газрын гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл;
8.4.15.улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, арга хэмжээ бүрийн код, төсвийн нэгдсэн үзүүлэлт; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.4.16.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээлэл;
8.4.17.Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээлэл;
8.4.18.улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар;
8.4.19.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ;
8.4.20.төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан;
8.4.21.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээлэл;
8.4.22.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.4.23.төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай бүрд хувийн хэвшлийн түншлэгч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, түншлэлийн зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.4.24.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээлэл;
8.4.25.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоо;
8.4.26.төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн;
8.4.27.мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан;
8.4.28.хууль тогтоомжид заасан бусад.
8.5.Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.5.1.үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл;
8.5.2.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.6.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д зааснаас гадна өөрийн эрхлэх асуудлын хүрээний дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:
8.6.1.олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал;
8.6.2.эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт;
8.6.3.хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;
8.6.4.мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;
8.6.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг;
8.6.6.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
8.6.7.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон Үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;
8.6.8.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;
8.6.9.хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаарх мэдээлэл, газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
8.6.10.мэдээлэл хариуцагчийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл;
8.6.11.барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн, дүгнэлт; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.6.12.тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;
8.6.13.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;
8.6.14.шүүн таслах ажиллагааны дүн мэдээ;
8.6.15.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээ;
8.6.16.улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл;
8.6.17.Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, хүргүүлсэн тайлан, Монгол Улсад өгсөн зөвлөмж, зөвлөмжийн хэрэгжилтийг хариуцах байгууллагын талаарх мэдээлэл;
8.6.18.зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт;
8.6.19.хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
8.6.20.нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл;
8.6.21.мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, суралцсан болон суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилт; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.6.22.хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл.
8.7.Энэ хуулийн 8.4.1-д заасан мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчид, 8.4.13, 8.4.14, 8.4.15, 8.4.16, 8.4.17, 8.4.18, 8.4.19, 8.4.20, 8.4.21, 8.4.22, 8.4.23, 8.4.24, 8.4.25, 8.6.7-д заасан мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 8.6.9, 8.6.12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 8.6.14-т заасан мэдээллийг Монгол Улсын дээд шүүх, энэ хуулийн 8.6.15-д заасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, энэ хуулийн 8.6.16-д заасан мэдээллийг улс төрийн нам, энэ хуулийн 8.6.17-д заасан мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 8.6.18-д заасан мэдээллийг өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 8.6.19-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хариуцан нээлттэй, ил тод байлгана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.8.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг олон нийтэд хүргэхдээ цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.
8.9.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан тайлан, мэдээ, үр дүн, статистик мэдээллийг улирал, хагас жил, жилээр гаргах бөгөөд дараагийн улирал, хагас жил, жилийн эхний сард багтаан бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг хангаж цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд байршуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.10.Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, ажлын байрны сул орон тоо, мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх зэрэг бусад мэдээллийг мэдээлэл хариуцагч тухай бүр нь цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд байршуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.11.Мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол өөрчлөлт оруулснаас хойш ажлын гурван өдрийн дотор өөрчлөлтийг тусгаж, мэдээллийг шинэчлэн нийтэлнэ.
8.12.Мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран мэдээлэл хариуцагч цахим хуудас, мэдээллийн самбарыг заавал ажиллуулах ба цахим хуудсаар нээлттэй мэдээлэлтэй танилцах нөхцөлийг бүрэн хангана.
8.13.Нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах тохиолдолд тус мэдээллийг өгөх эх сурвалжийг цахим хуудсанд тодорхой заасан байна.
8.14.Цахим хуудсанд байршуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж бүртгэл хөтөлнө.
8.15.Энэ хуулийн 8.4-т заасан мэдээллийг нээлттэй, ил тод байлгахтай холбогдсон нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.
8.16.Энэ хуулийн 8.8-д заасан цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмыг Засгийн газар батална.
8.17.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
8.18.Энэ хуулийн 8.17-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
8.19.Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.