7 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн ангилал
7.1.Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна.
7.2.Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ.
7.3.Танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ.
7.4.Хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзнэ.
7.5.Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй.
7.6.Хаалттай болон хязгаарлалттай мэдээлэлд хамаарах төрийн болон албаны нууцтай холбогдох Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
7.7.Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.