10 дугаар зүйл. Генетик болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
10.1.Доор дурдсан төрийн байгууллага дараах зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний генетик болон биометрик мэдээллийг цуглуулж, ашиглана:
10.1.1.улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг;
10.1.2.хил хамгаалах байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах зорилгоор биометрик мэдээллийг;
10.1.3.хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор генетик болон биометрик мэдээллийг;
10.1.4.шүүхийн шинжилгээний байгууллага хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд генетик болон биометрик мэдээллийг;
10.1.5.Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулах зорилгоор биометрик мэдээллийг.
10.2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасны дагуу ашиглаж байгаа мэдээллийг ажил олгогч боловсруулж өөрчлөх, бусад этгээдэд дамжуулахыг хориглоно.
10.4.Мэдээлэл хариуцагч генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана.
10.5.Мэдээлэл хариуцагчийн энэ хуулийн 25.1.2-т заасан журмын дагуу тогтоосон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан нь мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.