9 дугаар зүйл. Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
9.1.Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.
9.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно:
9.2.1.энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан;
9.2.2.тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх;
9.2.3.иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх.
9.3.Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид "Хүний эрхийн Үндэсний Комисс" гэх/ мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч болно.