8 дугаар зүйл. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах
8.1.Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна.
8.2.Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд дараах нөхцөлийг танилцуулж, зөвшөөрөл авна:
8.2.1.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх;
8.2.2.мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;
8.2.3.цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт;
8.2.4.мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;
8.2.5.мэдээллийг нийтэд ил болгох эсэх;
8.2.6.мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;
8.2.7.зөвшөөрлөө цуцлах хэлбэр.
8.3.Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан цахим хэлбэртэй зөвшөөрөл нь хуульд заасан, эсхүл мэдээллийн эзний хүлээн зөвшөөрсөн арга хэрэгслээр түүнийг цахим орчинд таньж, баталгаажуулах замаар өгөгдсөн байна.
8.5.Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний мэдээллийг цуглуулахад түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
8.6.Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй.
8.7.Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь энэ хуулийг зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ.
8.8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогчийн Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй.
8.9.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулахдаа мэдээллийн эзний зөвшөөрөлтэй болохоо нотолно.
8.10.Мэдээлэл хариуцагч анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авна.
8.11.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2.6-д заасны дагуу зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг дамжуулахад түүнээс зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь энэ хуулийн 8.3-т заасан хэлбэртэй байна.
8.12.Энэ хуулийн 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.9-д заасан зохицуулалт нь мэдээлэл дамжуулах зөвшөөрөл авахад нэгэн адил үйлчилнэ.