18 дугаар зүйл. Мэдээлэл хариуцагч
18.1.Мэдээлэл хариуцагч хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана.
18.2.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар дараах үүрэгтэй:
18.2.1.хуульд нийцүүлэн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах журам баталж, мөрдүүлэх;
18.2.2.энэ хуулийн 8.4-т заасны дагуу, эсхүл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтаар мэдээллийн эзнийг таньж, баталгаажуулсны үндсэн дээр түүний талаар мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах;
18.2.3.мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа энэ хуулийн 8.2-т заасан мэдээллээр хангах, мэдээлэл цуглуулж байгаа зорилго, үндэслэлийг мэдээллийн эзэнд ойлгомжтой, тодорхой тайлбарлах;
18.2.4.мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой гомдол гаргах эрхийн талаар мэдээллийн эзэнд тайлбарлах;
18.2.5.мэдээллийн эзэн мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үүсэж болох үр дагаврыг тайлбарлах;
18.2.6.мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд шийдвэр гаргах, түүнээс гарах үр дагаврын талаар мэдээллийн эзэнд тайлбарлах;
18.2.7.мэдээллийг мэдээллийн эзний иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын эх хувь, эсхүл цахимаар илгээсэн болон мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулгах;
18.2.8.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх;
18.2.9.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах, энэ талаар мэдээллийн эзэнд мэдэгдэх;
18.2.10.мэдээллийн эзний хүсэлтийг хүлээн авсны дараа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тохиолдолд мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлах;
18.2.11.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөх;
18.2.12.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны талаар бүртгэл хөтлөх;
18.2.13.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад олж авсан мэдээллийг хадгалах;
18.2.14.мэдээллийн эзний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, хариу мэдэгдэх;
18.2.15.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар мэдээллийн эзэн, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх.
18.3.Энэ хуулийн 18.2.10-т заасан мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлах нөхцөл нь мэдээллийн эзэнд хамаарах мэдээллийг боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлахад хамаарахгүй.
18.4.Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд хүндрэл үүсгэхгүйгээр, хялбар, ойлгомжтой байдлаар түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийг цуцална.