19 дугаар зүйл. Гэрээний үндсэн дээр мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэх
19.1.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан гэрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилго, гэрээний хугацаа, мэдээллийн жагсаалт, мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг тусгана.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдээлэл боловсруулагч нь мэдээлэл хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэхийг хориглох бөгөөд хариуцлагын талаар гэрээнд тодорхой тусгана.
19.4.Мэдээлэл цуглуулах, боловсруулах үүргийг шилжүүлэн авсан мэдээлэл боловсруулагч дараах үүрэгтэй байна:
19.4.1.мэдээллийн эзний өгсөн зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл хариуцагчийн хяналт доор мэдээлэл цуглуулах, боловсруулах;
19.4.2.мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврын дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах;
19.4.3.мэдээлэл цуглуулах, боловсруулахтай холбоотой шаардлагатай мэдээллийг мэдээлэл хариуцагчид өгөх;
19.4.4.мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааны явцад олж авсан мэдээллийг хадгалах;
19.4.5.мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилго биелсэн бол мэдээлэл болон мэдээлэл боловсруулснаас гарсан үр дүнг мэдээлэл хариуцагчид хуулбар авч үлдэлгүй гэрээнд заасан хугацаанд өгөх, боловсруулахаар авсан мэдээллийг дахин ашиглах боломжгүйгээр устгах;
19.4.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;
19.4.7.энэ хуулийн 18.2.1-д заасан журмын хүрээнд мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг гүйцэтгэх.
19.5.Мэдээлэл боловсруулагч мэдээлэл хариуцагчийн өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг зөрчсөн нь мэдээлэл хариуцагчийг мэдээллийн эзний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА