4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."биометрик мэдээлэл" гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг;

4.1.2."генетик мэдээлэл" гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг;

4.1.3."даруй" гэж боломжит богино хугацааг;

4.1.4."захидал харилцааны мэдээлэл" гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг;

4.1.5."мэдээллийн эзэн" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг;

4.1.6."мэдээлэл ашиглах" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.4-т заасныг;

4.1.7."мэдээлэл боловсруулах" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.5-д заасныг;

4.1.8."мэдээлэл хариуцагч" гэж хуульд заасны дагуу, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;

4.1.9."мэдээлэл цуглуулах" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.6-д заасныг;

4.1.10."хөрөнгийн мэдээлэл" гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг;

4.1.11."хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;

4.1.12."хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг;

4.1.13."хүнийг тодорхойлох боломжгүй болгох" гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгохыг;

4.1.14."цахим тодорхойлогч" гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг;

4.1.15."эрүүл мэндийн мэдээлэл" гэж хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.