11 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
11.1.Тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
11.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
11.1.2.зуучлах үйлчилгээний журмыг зөрчсөн;
11.1.3.зургаан сарын хугацаанд тайлан ирүүлээгүй, эсхүл хуурамч тайлан ирүүлсэн, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй.
11.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.1-д заасан нөхцөл байдал үүссэн даруйд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн нөхцөл байдлыг арилгуулах талаар мэдэгдэл хүргүүлнэ.
11.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч зөрчлийг арилгасан эсэх тухай тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
11.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг сэргээнэ.
11.5.Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнтэй холбоотой зуучлуулагчид үүсэх эрх зүйн үр дагаврыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.