12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
12.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ дуусгавар болж, тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд сунгагдаагүй;
12.1.2.энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
12.1.3.тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон;
12.1.4.тусгай зөвшөөрөл олгосноос хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаа нь зогссон;
12.1.5.энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргаагүй, эсхүл уг хугацаанаас хожимдуулж хүсэлт гаргасан;
12.1.6.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон;
12.1.7.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай зөвшөөрлийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлсэн;
12.1.8.хууль тогтоомж болон энэ хуулийн 6.3-т заасан журам, гэрээний үүргээ зөрчиж зуучлуулагчид хохирол учруулсан, эсхүл хууран мэхэлсэн, эсхүл хууль бусаар төлбөр хураамж авсан нь тогтоогдсон;
12.1.9. 18 насанд хүрээгүй хүнийг зуучилсан;
12.1.10.химийн хортой, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт болон биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд иргэнийг зуучилсан;
12.1.11.тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөлийг арилгаагүй, эсхүл тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.