13 дугаар зүйл. Зуучлагчийн эрх, үүрэг
13.1.Зуучлагч дараах эрхтэй:
13.1.1.зуучлах үйлчилгээ эрхлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авах;
13.1.2.гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой зуучлуулагчид шаардлага тавих.
13.2.Зуучлагч дараах үүрэгтэй:
13.2.1.илгээгч болон хүлээн авагч улсын холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээг байгуулах, уг гэрээ болон зуучлалын гэрээний талаар зуучлуулагчийг мэдээллээр бүрэн хангах, баталгаажуулах;
13.2.2.зуучлуулагчтай зуучлалын гэрээ байгуулах, зуучлалын гэрээ болон холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
13.2.3.зуучлах үйл ажиллагааны талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зургаан сар тутамд тайлагнах;
13.2.4.зуучлуулагчийн саналыг хөдөлмөрийн гэрээнд тусгуулах, гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээгээр тохиролцсон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах талаар ажил олгогч, хүлээн авагч талтай хэлэлцээ хийх;
13.2.5.зуучлалын гэрээ дуусгавар болсон даруйд холбогдох мэдээллийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх;
13.2.6.энэ хуулийн 6.3-т заасан журмыг дагаж мөрдөх;
13.2.7.хуульд заасан бусад.
13.3.Зуучлагч нь зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй холбоотой үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа даатгуулж болно.