23 дугаар зүйл. Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих
23.1.Ажил олгогч аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сул орон тоо, тухайн ажлын байранд тавигдах шаардлагын талаарх мэдээллээ хүргүүлж, ажилтан авах хүсэлт гаргана.
23.2.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байршуулж, нэн даруй нийтэд мэдээлнэ.
23.3.Ажил олгогч гадаад улсаас ажилтан авах зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжил, ур чадварыг хэт өндөр тавих, ажлын байрны шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно. Энэ заалтын хэрэгжилтэд тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл болон хөдөлмөрийн улсын байцаагч хяналт тавина.
23.4.Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.
23.5.Ажил олгогч гадаад улсаас ажилтан авч ажиллуулах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана:
23.5.1.гадаад ажилтан ажиллуулах ажлын байрны ангилал, төрөл, жагсаалт, байршил, тэдгээрийн үргэлжлэх хугацааг тодорхойлсон ажлын төлөвлөгөө;
23.5.2.улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөлтэй эрхлэх ажил, үйлчилгээнд хамаарах бол зөвшөөрөл;
23.5.3.гадаад ажилтны мэргэжил, ур чадварыг нотолсон баримт бичиг /тухайн улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх/;
23.5.4.энэ хуулийн 23.4-т заасан шаардлагыг хангасан талаарх мэдээлэл;
23.5.5.үйлчилгээний хураамж төлсөн баримт;
23.5.6.нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт;
23.5.7.хууль тогтоомжид заасан бусад.
23.6.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажил олгогчид гадаад ажилтан урих зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар олгоно.
23.7.Энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд гадаад ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол дээрх хугацааг нэг удаа гурав хүртэл сараар сунгаж болно.
23.8.Энэ хуулийн 21.4-т заасан ажлын байрны ангилалд энэ хуулийн 23.5.3-т заасан мэргэжил, ур чадварын үнэлгээг эрх бүхий байгууллага тогтоон баталгаажуулж, гэрчилгээжүүлж болно.
23.9.Энэ хуулийн 21.2, 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5-д заасан ажлын байрны ангилалд энэ хуулийн 23.4, 23.5.4-т заасан шаардлага хамаарахгүй.
23.10.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим систем ашиглан гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлэхэд урих зөвшөөрөл, гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлж болно. Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.