30 дугаар зүйл. Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
30.1.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
30.1.1.гадаад ажилтны буруугаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол;
30.1.2.эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр тухайн ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол;
30.1.3.гадаад ажилтан ажлын байраа дур мэдэн орхисон бол;
30.1.4.хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр ажил олгогчид шилжиж ажилласан бол;
30.1.5.гадаад ажилтны мэдээллийн санд хуурамч баримт бичгээр бүртгүүлсэн бол;
30.1.6.гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэм буруутай болох нь тогтоогдсон бол;
30.1.7.гадаад ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан бол.
30.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан тухай мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.